ХӨВСГӨЛ: "Сувилагч" хөтөлбөрт хамрагдаж буй оюутны сургалтын төлбөрийг орон нутгаас 50 хувь хөнгөлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын санаачилгаар “Сувилагч” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.
Хөтөлбөрийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаж буй сувилагч, багийн эмч нарын орон тооны дутагдлыг нөхөх зорилгоор аймгийн Засаг дарга бодлогын түвшинд дэмжин Эм зүйн шинжлэх ухааны их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Хамтын ажиллагааны хүрээнд “Сувилагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2 ээлжээр нийт 34 оюутан суралцаж байгаа бөгөөд энэ хавар эхний ээлжийн 18 оюутан төгсөн, төрөлх сумандаа ажлын байраар хангагдах юм.
“Сувилагч” хөтөлбөрт хамрагдсан 34 оюутны сургалтын төлбөрийг орон нутгийн төсвөөс 50 хувийн хөнгөлөлттэйгөөр дэмжин суралцуулж байна.
Оюутнуудыг аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонсон цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүслээ.
Суралцагчдын ихэнх нь алслагдсан Ханх, Цагааннуур, Цэцэрлэг зэрэг сумаас
суралцаж байгаа нь орон нутгийн эрүүл мэндийн хүний нөөцийг тогтвортой
бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга
М.Үүрийнбаяр ярилаа.


Улаанбаатар