“Говь-Алтай” өндөг худалдаанд гарч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих “Өрхийн тахианы аж ахуй” төсөлд хамрагдсан өрхүүд “Говь-Алтай” нэрийн өндгөө худалдаж эхэллээ.
"Уянгалянхуа" сангаас Говь-Алтай аймгийн иргэдийн амьжиргаанд хувь нэмрээ оруулах, аймгийн үйлдвэрлэлийг солонгоруулах, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжиж өрхийн амьжиргааг тэтгэх зорилгоор аймгийн хэмжээнд “Өрхийн тахианы аж ахуй” төслийг хэрэгжүүлэн тахианы аж ахуйн жишиг аймаг болгохыг зорин ажиллаж байна.
Өрхийн тахианы аж ахуйг хөгжүүлэн иргэдийг энэ чиглэлд чадавхжуулах, цаашлаад амжилттай ажиллаж буй өрхүүдийг нэгтгэн өрхийн тахианы аж ахуйг өргөтгөн ферм хэлбэрт шилжүүлэн ажиллаж буй ажээ. Үүний сацуу тус аймгийн хэмжээнд иргэдийг дотоодын шинэ өндгөөр хангах, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгох зорилт дэвшүүлэн 2024 онд энэ төслийг эхлүүлсэн тухай “Уянгалянхуа” сангаас танилцуулав.
Тэгвэл өдгөө төсөлд хамрагдсан өрхүүдийн аж ахуйн үйл ажиллагаа нь тогтворжин өндгөө зах зээлд борлуулж хэрэглэгчдийн гарт хүргэж эхэлжээ. Өрхийн эдийн засгаа дээшлүүлж үр шимийг нь хүртэн, хамгийн гол нь нутгийнхандаа өглөө бүр импортын бус шинэ өндөг хэрэглэх боломжийг бий болгосондоо баяртай байна гэдгээ төсөлд оролцогчид хэлж байлаа.
Төсөл анх 2024 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр, Тайшир, Шарга суманд хэрэгжиж эхэлжээ.
2023 онд Монгол Улс нийт өндөгний хэрэглээнийхээ 59 хувийг импортоор оруулж ирсэн байна. Тахиа, өндөгний аж ахуй бол 100 хувь эх орондоо үйлдвэрлэж болох боломжтой салбар учраас импортын 10 хувийг өөрсдөө үйлдвэрлэж чадах өрхийн аж ахуйг дэмжин ил төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Улаанбаатар