“Сүүн дархлаа” хөтөлбөрийг үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-01-14 09:12:53

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189.600 хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулахад үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтарна.


НЕБ-ын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилготой юм. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон албаныхан “Харүмафүжи сүүний ферм”-тэй танилцаж, сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.


Хотын дарга Х.Нямбаатар “Япон улс 1959 оноос, БНСУ 1981 оноос эхлэн сүү хөтөлбөртэй болжээ. Мөн БНХАУ 2005 оноос эхлэн сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Монголд “Шинэ Монгол Харүмафүжи” ЕБС-д сүү хөтөлбөрийг хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Бид хөтөлбөрийг хэрэгжүүлэхээсээ өмнө хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийн суурь үзүүлэлтүүдийг судална. Ирэх жилээс тус хөтөлбөрийг улам бүр сайжруулж, сав баглаа боодлын хувьд байгаль орчинд ээлтэй байхаар зохион байгуулна” гэв.


Харүмафүжи Д.Бямбадорж “Сүү хөтөлбөрийг сургууль дээрээ хэрэгжүүлснээр ямар өөрчлөлт гарч байгаа талаар судлахаар бид багш, ажилтнуудынхаа хүүхдүүд болон эцэг эхчүүдээс зөвшөөрөл авч харьцуулж үзсэн. Намар болон хавар авсан шинжилгээг харьцуулахад сүү тогтмол ууснаар кальци болон Д витамины зохист хэмжээ хэвийн түвшинд хадгалагддаг гэдэг нь харагдсан. Мөн хүүхдүүдийн өсөлтөд маш сайн нөлөөлсөн. Түүнчлэн, сурагчид ханиад томуугаар өвдөж, хүндрэх магадлал маш бага болсон. Үүнийг сургуулийн эмч нар сүү хөтөлбөр болон биеийн тамиртай холбон тайлбарладаг. Бид сүүг дулааны аргаар боловсруулдаг, лактозны харшилтай хүүхэд ч ууж болдог” гэв.


НЭМҮТ-ийн захирал Л.Баттөр “Таван жил тутамд хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааг хийдэг. 2023 онд хийсэн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 15 хувьд нь Д витамин зохистой хэмжээнд байна гэж гарсан. Үлдсэн хувьд дутагдалтай байгаа юм. Монгол Улс эрс тэс уур амьсгалтайгаас гадна хоол тэжээлээсээ хангалттай Д витамин авч чадахгүй байна. Манайх шиг хүйтэн, сэрүүн уур амьсгалтай дэлхийн олон улсад сүүг Д витаминаар баяжуулж өгдөг. Д витамин нь сүүнд буй кальцийг биед шимэгдэхэд тусалдаг. Сурагчдын эрүүл мэндийн суурь үзүүлэлтийг үнэлээд тус хөтөлбөр тодорхой хугацаанд хэрэгжсэний дараа ямар үр дүнд хүрч байгаа талаарх судалгааг хийнэ" гэв.


2026-2027 оны хичээлийн жил Улаанбаатар хотын ЕБС-ийн 1-12 дугаар ангийн 430 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулахаар төлөвлөөд байна. 



Холбоотой мэдээ