Б.Баярмагнай: Үндсэн хууль бол Монголын ард түмний эрх чөлөөний тунхаг бичиг юм
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч, хуульч, эрх зүйч, хууль зүйн ухааны магистр Баярхүүгийн Баярмагнайтай ярилцлаа.
-Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр тохиож байна. Тэгэхээр
яриагаа үндсэн хуулийн үнэ цэнийн талаарх таны бодол, үзэл баримтлалаас эхлэх үү?
-Үндсэн хууль бол Монголын ард түмний хувьд ус, агаараас илүү үнэ цэнтэй зүйл юм. Учир нь Үндсэн хууль бол Монголын ард түмний язгуур эрх ашиг, улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, Монгол төрийн бэлгэ тэмдэг, Монголын ард түмний эрх чөлөөний тунхаг бичиг юм.
-Та энэ өдөр “Үндсэн
хуульт ёс ба зарчим” сэдэвт лекц уншиж байсан. Таны лекцийн бусдад өгөх гол
санаа юу вэ?
-Үндсэн хуулийн зарчим Үндсэн хуулийн заалт бүрд нэвт
шингэсэн, үндсэн хууль өөрөө бусад бүх хуулийн эх сурвалж. Тиймээс суурь
зарчмаа мэдэж байвал хууль дээдлэх ёс тогтоно гэсэн санааг төрийн албан хаагчид
болон иргэдэд өгсөн.
-Хуулийн салбарт засах, сайжруулах юмсан гэж бодож явдаг
зүйлийнхээ талаар?
-Монгол Улс сайн хуультай. Гагцхүү хэрэгжүүлэх явц
асуудалтай, хуулийг нэг мөр хэрэгжүүлэхгүй бол хүний эрх зөрчигдөх аюултай.
Нөгөөтээгүүр хуулийн байгууллагын албан тушаалтнуудын томилгоо ил тод байх
ёстой гэж боддог.
-Цахим шилжилт бүх салбарт нөлөөлж байна. Хууль зүйн
салбарт хэр нөлөөлж байна гэж бодож байна вэ?
-Дэвшилтэт технологи болж байна. Олон төрлийн бичиг баримт,
тодорхойлолт шаардахгүйгээр ажлаа явуулж, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ
үзүүлэхэд хялбар болсон.
-Мэргэжлээ сонгож байсан үеэсээ хуваалцвал? Таны удамд хуульч,
эрх зүйч байдаг уу?
-Тэртээ 20 жилийн өмнө урлагийн сургуулиа орхиод хуульч
болохоор шийдсэн байдаг. Нийгмийн болон нийтийн сайн сайхны төлөө энэхүү мэргэжлийг сонгосон. Манай төрөлд хууль
хяналтын салбарын хүмүүс бий.
-Та энэ мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байгаа вэ? Ер нь
хуульч, өмгөөлөгчийн ажлын ачаалал хэр байдаг вэ?
-Мэргэжлээрээ 11 дэх жилдээ ажиллаж байна. Хуульчийн мэргэжил
дундаас өмгөөлөгч хамгийн сайхан нь. Учир нь салбар бүрд хүрдэг.
Өмгөөлөгчийн ажил маш хариуцлагатай, учир нь хүний хувь заяаг шийддэг. Бидэнд
өчүүхэн ч алдах эрх байдаггүй.
-Кейсүүд дундаас хамгийн их сэтгэлийг тань зовоодог, шийдэхэд
хэцүү хэрэг ямар төрлийнх байдаг вэ?
-Эрүүгийн хэрэг байдаг. Тэр дундаа хүн амины хэрэг олон хүн
хохирдог тул маш хэцүү санагддаг. Мөн гэрлэлт цуцлуулах хэргүүд хүүхэд хохирдог
тул их хүнд төрлийнх байдаг.
-Баримт цуглуулахад хэр хугацаа зарцуулдаг вэ? Таны хувьд ямар
төрлийн кейс дээр хамгийн урт хугацаанд хуулийн зөвлөгөө, тусламж үйлчилгээ
үзүүлж байсан бэ?
-Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд баримтаа
өөрсдөө цуглуулдаг. Хан-Уул дүүргийн шүүхэд 2016 оноос эхлээд 2022 онд
шийдэгдэж дууссан гэрлэлт цуцлалтын хэрэг хамгийн урт хугацаанд шийдүүлж байсан.
-Та мэргэжлийнхээ онцлогийг дурдвал?
-Бид маш сайн сэтгэл зүйчид болдог. Бүх салбарт хүрч
ажилладаг учраас би хуульч өмгөөлөгч мэргэжилдээ маш хайртай. Эмч хүнийг нэг нэгээр нь эмчилдэг бол хуульч нийгмийг олноор нь эмчилдэг гэж боддог.
-Шинэ залуу хуульч болох хүсэлтэй залууст юу гэж зөвлөх
вэ?
-Маш их уншиж судлах хэрэгтэй. Хуулийн дадлага их хийж байж
сайн хуульч болно. Бүх зүйлд сэтгэлээсээ ханд, мэргэжилдээ эзэн байгаарай гэж хэлмээр
байна.
-Ярилцсанд баярлалаа.
Улаанбаатар