АРХАНГАЙ: Жаргалантын харганадсан эмээл алдартай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Архангай аймагт биет болон биет бус өв соёлын олон зүйл байдгийн нэг нь Жаргалант сумын нутгийн брэнд бүтээгдэхүүн болох модон эмээл юм.
Морь дагасан хэн ч Архангай аймгийн Жаргалантын эмээлийг андахгүй. Зорьж очиж авдаг нь ч олон юм. Жаргалант сумын эмээл урлаачид нам дугуй эмээл, боржгин, хүүхдийн, гоёлын, харганадсан, орос зэрэг олон төрлийн эмээл үйлдвэрлэж, яс, мөнгө, хув зэрэг бүтээгдэхүүнээр хярлан урладаг чадварлаг урчууд юм.
Жаргалант нутгийнхан эмээлийн бүүргийн нүүр хавтас дээр алтан харгана, хад жимсний ишний хальсаар өнгө зохицуулан наан, үндэсний өлзий утас хээ урласан гоёмсог эмээл хийдэг байсныг “Харганадсан эмээл” гэдэг байжээ. Энэ төрлийн эмээл урлалаараа Н.Пагваа, Ж.Дамдинсүрэн, Б.Цэрэндулам нарын эмээл урлаачид нутаг усандаа нэрд гарч байжээ.
Мөн Жаргалант сумын Дүвчин хэмээх сайн эмээл урлаач дээхэн үед эмээлийн бүүргийн нүүр, хяр, хавтсан дээр өнгө өнгийн шилээр паалан гүйлгэж, солонгорон гялалзсан хээ чимэг тавьж, гоёлын эмээл хийдэг байжээ.

Улаанбаатар