Үндсэн хууль тогтоогчдод хүндэтгэл илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2026-01-13 13:52:53

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Ардчилсан Үндсэн хуулиа баталсаны 34 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд Үндсэн хууль тогтоогчдод зориулсан ёслол Төрийн ордонд өнөөдөр болов.


УИХ-ын Тамгын газар, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо хамтран зохион байгуулсан уг ёслолд анхны Ерөнхийлөгчөө сонгож, Улсын Бага Хурлаа байгуулж, төрийн тогтолцоо байгууламжийг өөрчилж, Төрийн сүлдээ залж, нийгмийг цоо шинэ замаар замнах хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, хүний эрхийг дээдэлсэн шинэ ардчилсан Үндсэн хуулийг тогтоон баталсан Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлыг төлөөлж 80 гаруй эрхэм хүрэлцсэн ирсэн юм. УИХ-ын дарга Н.Учрал нээлийн үеэр хэлсэн үгийнхээ эхэнд, Үндсэн хуулийн өдрийн баярын мэндийг дэвшүүлээд, ардчилсан шинэ Монгол Улсын Үндсэн хуулийг тогтоогчид гэх алдар нэр, хүндэтгэл, гавьяа, гагцхүү Ардын Их Хурлын депутат болон Улсын Бага Хурлын гишүүдэд хамаарна гэдгийг онцлон тэмдэглэв.


Тэрбээр 1991 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн Ардын Их Хурлын II хуралдааны тэмдэглэлээс эш татаж, “БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Жамбын Гомбожав гуай Шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж батална гэдэг нь манай ард түмнээс депутат та бидэнд олгосон хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүрэг мөн. Хэрвээ үүргээ амжилттай биелүүлж чадвал энэ хувь заяандаа бид баярлаж, бахархаж явах бүрэн эрхтэй болно” гэсэн байдаг. Өнөөдөр энэ үг биеллээ олж, гавьяат үйлсээрээ бахархах, хүндлэгдэх бүрэн эрхийг Үндсэн хууль тогтоогчид та бүхэн хойч үеэсээ аваад байна гэлээ.


Монголын ард түмний түүх, уламжлал, өв соёл, эрхэмлэл бэлгэдэл, эрмэлзэл тэмүүлэл, эрхэм зорилгыг багтааж шингээсэн улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрийн байгууламж, засаглах эрхийн хуваарилалт, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан шинэ Үндсэн хуулийг батлан даяар олноо зарлан тунхагласан эзэд болох Үндсэн хууль тогтоогчдоос хожим Монгол Улсын төрийн тэргүүн, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд, УИХ, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, урлаг, соёл, боловсрол, бизнес, үйлдвэр үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг салбар бүрийн манлайлагчид, хөдөлмөрийн баатрууд, алдар гавьяатнууд олноороо төрөн гарсныг УИХ-ын дарга онцолж байлаа. 


Мөн УИХ-ын даргаар сонгогдоод удаагүй байгаа ч, нэн тэргүүнд хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиудыг Үндсэн хуультай нийцэж байгаа эсэхэд нийцлийн шинжилгээ хийх ажлыг эхлүүлснийг тэрбээр онцлохын зэрэгцээ цаашид парламентаас батлан гаргаж байгаа хууль тогтоомжуудаа Үндсэн хуульд нийцүүлэх чиглэлээр дэвшилтэт ажлуудыг хийж, хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэв.


Дараа нь “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ны гүйцэтгэх захирал П.Энхсайхан үг хэллээ. Тэрбээр “Үндсэн хуулийн өдрийн хүрээнд УИХ, түүний Тамгын газраас олон талын ажил хэрэгжүүлж байгааг дурдаад, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байгаад УИХ-ын даргад онцгойлон талархал илэрхийлэв. Үндсэн хуулиа баталсан Ардын Их Хурлын 430 депутатаас өнөөдөр энх тунх байгаа 195  нь үлдсэн бөгөөд тэдний 80 гаруй хувь нь 70-аас дээш настай болсныг онцолж, эдгээр ахмадынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулахыг хүслээ.

 

Үргэлжлүүлэн Улсын Бага Хурлыг төлөөлж Ж.Бямбадорж үг хэлэв. Тэрбээр Үндсэн хууль гэдэг гарчиг тавихаас эхлээд Б.Чимэд гуайн удирдлаган дор та бүхэнтэйгээ хамтран ажиллаж байснаа их хувь заяа гэж бахархаж явдаа дурсаад, жилээс жилд цөөрч байгаа эдгээр хүмүүсээ цуглуулж, халуун сэтгэлийг нь хөдөлгөж, баярлуулж буйд гүнээ талархаж байгаагаа илэрхийлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл,  олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ