Монголын их амар амгалан хаана байдаг вэ гэвэл ....

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-01-13 10:08:11

Булган, 2026 оны нэгдүгээр сарын 13. /МОНЦАМЭ/. Би Монгол Улсын гавьяат багш, СУИС-ийн хүндэт профессор Ц.Ерөө багшийн удирдлага дор Дуурийн дуулаачийн ангийн II дамжааны оюутан Онол-Эрдэнийн Номин-Эрдэнэ байна. Зорилгодоо үнэнчээр, хичээнгүйлэн суралцаж байгаа. Нэгдүгээр курсдээ СУИС-иас 3 жилд тутам зохион байгуулдаг дуурийн дуучдын Лавай V тэмцээнд II байр эзэлсэн.

 

Аав ээжийнхээ нэрийг өргөж, цаашлаад монгол эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах дуурийн дуучин болох нь миний хамгийн том мөрөөдөл юм. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгэнд би итгэдэг.

 

Гэхдээ би багаасаа л морь, мотоцикл унаж хонь малаа хариулж, хөдөөний ажилд дуртай. Зарим хүнд малд нүдтэй, гярхай хүүхэд гэж магтуулахаараа их баярладаг байв. Тиймээс хөдөө гэртээ ирэхээс хоёр гурав хоногийн өмнө л нойр хүрэхээ байчихдаг.  Дуулж олсон мөнгөөрөө дүү нар, аав ээждээ амттан бэлдээд гал тэргэнд суух хамгийн сайхан.

 

Аав, ээждээ туслаад гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг ханатал мэдэрдэг болохоор хөдөө гэртээ ингээд ирэх хамгийн сайхан амралт болдог. Орчин үед Монголын их амар амгалан хаана байна гэвэл хөдөө л байх. Тэгээд ч өсөж төрсөн нутагтаа ирэхээр хийморь сэргээд сэтгэл дүүрдэг гэж ярьцгаадаг болов уу...

 

Холбоотой мэдээ