БУЛГАН: 2025 оны шилдэг унаач хүүхдүүд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Аймаг, бүс, улсын чанартай томоохон уралдаануудад тогтмол манлайлж, уяач, уралдаанчийн ур чадвар, тэсвэр хатуужлыг харуулж адуун өв соёлоо дэлгэрүүлж буй шилдэг таван унаач хүүхдийг шалгаруулсан байна.
Булган аймгийн “Булганхангай” МСУХ жил бүр хийсэн бүтээсэн ажлаа дүгнэн, хурдан хүлэг болон тэднийг уяж сойсон уяачдаа алдаршуулах зорилготой “Булганхангайн уяач” оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ.
Энэ удаагийн ёслолыг 18 дахь жилдээ зохион байгуулж буйгаараа онцлог төдийгүй, анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулж, мөн “Булганхангай” МСУХ-ны 30 жилийн ойн босгон дээр тохиож байгаагаараа онцгой ач холбогдолтой болж байна.
Ёслолын ажиллагаанд уяачдын холбооны үе үеийн тэргүүнүүд, тэргүүлэгчид,
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Монгол Улсын манлай уяач, Монгол Улсын алдарт
уяач, аймаг, сумын алдарт уяачид, тэдний гэр бүл, унаач хүүхдүүд хуран цугларч,
бахархалт түүх, амжилтын олз омгоо хамтдаа хуваалцсан байна.
"Булганхангай"
МСУХ-ны 2025 оны онцлох таван үйл явдлыг дурдвал
1. 2025
онд түүхэндээ хамгийн олон аймгийн бүсийн уралдаантай жил болж байгаа, тэр
дундаа Хангал, Тэшиг сум анх удаа бүсийн уралдаан зохион байгуулсан.
2.
"Булганхангайн манлай 6 насны хүлэг" морьдоо анх удаа тодруулж, түмэн
олондоо сурталчилсан.
3.
"Их хурд" уралдааны 10 удаагийн түүхэнд Булган нутгийн уяачид хамгийн
олон айраг хүртсэн жил болсон.
4.
Булган аймгийн "Шигшмэл хурд" уралдааныг 3 дахь удаагаа 8 жилийн дараа
зохион байгуулсан.
5.
"Булганхангай" МСУХ-ны хамт олон 2013, 2015, 2021 онд улсын
шилдэг аймгийн салбар холбоо болж байсан 2025 онд 4 дэх удаагаа дахин
"Улсын шилдэг аймгийн холбоо" болсон зэрэг олон бахархам амжилтын эзэн болсоор 30 жилийн ойгоо угтаж байгаа тухай “Булганхангай” МСУХ-ны тэргүүн
Б.Гүндсамбуу мэдээлж байна.
2025 оны шилдэг уяачид,нас насны шилдэг хурдан хүлгүүдээ тодруулахаас гадна Шилдэг таван унаач хүүхдүүдээ тодруулан алдаршуулсан байна.
Аймаг, бүс, улсын чанартай томоохон уралдаануудад тогтмол
манлайлж, уяач, уралдаанчийн ур чадвар, тэсвэр хатуужлыг харуулсан шилдэг таван
унаач хүүхэд:
Тэргүүн байрт Баян-Агт сумын уралдаанч хүү Батцэнгэлийн
Энх-Эрдэнэ эрэмбэлэгдэж, “Их хурд-10”, Өндөр гэгээн Занабазарын 390 жилийн ой,
аймаг болон бүсийн уралдаануудаас олон түрүү, айраг хүртэн энэ онд манлайллаа.
Хоёрдугаар байрыг Дашинчилэн сумын уралдаанч хүү Буяннэмэхийн Содномдорж эзэлж, аймгийн
баяр наадам болон бүсийн уралдаануудад тогтмол түрүүлж, чансаатай амжилтаар
шилдгүүдийн эгнээнд орлоо.
Гуравдугаар
байрт Хутаг-Өндөр сумын уралдаанч хүү Өлзийгийн Энхдэлгэр нэрлэгдэж, бүсийн
уралдаануудад давамгайлж, их насны морьдтой уралдаанд тогтвортой амжилт
үзүүлэв.
Дөрөвдүгээр
байрт Дашинчилэн сумын уралдаанч Шинэбаярын Бямбадэлгэр шалгарч,
“Булганхангайн шигшмэл хурд-2025” зэрэг уралдаануудад азарга, дээд насны морьд
айрагдуулсан нь онцлох үзүүлэлт боллоо.
Тавдугаар
байрыг Булган сумын уралдаанч хүү Наранбатын Батмөнх эзэлж, аймгийн баяр
наадам, бүсийн уралдаануудаас тогтмол амжилт үзүүлснээр шилдэг тавд багтав.
Эдгээр уралдаанч хүүхдүүд бол Булган нутгийн морин спортын ирээдүй, хурдны өв соёлыг залгамжлан яваа бахархал юм.

Улаанбаатар