Брайль үсгээр хэвлэсэн Үндсэн хуулийг танилцуулж, дээжийг нь гардууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол брайль үсгээр хэвлэсэн Үндсэн хуулийг УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр танилцуулж, дээжийг нь Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон Монголын номын сангийн консерцумын төлөөлөлд гардуулан өглөө.
УИХ-ын дарга нээж хэлсэн үгэндээ, 2024 оны байдлаар 11.500 гаруй харааны бэрхшээлтэй иргэн бий гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Энэхүү номоос эрх зүйн мэдлэгийг эх сууриас нь буюу Үндсэн хуулиас олж авах, өөрийн төдийгүй бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах, засаглалын тогтолцоо, эрх үүргийн хуваарилалтын талаарх мэдээллийг авах, хууль дээдлэх, хуулийг сахин биелүүлэх мэдлэг, чадварт суралцахад тус болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Өнгөрсөн онд УИХ-ын parliament.mn цахим хуудсанд байршуулан олон нийтэд түгээсэн Үндсэн хуулийн дохионы хэлэнд хөрвүүлсэн болон аудио хувилбарын хандалт тус бүр 600 мянга гаруйд хүрснийг тэрбээр дурдаад, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх брайль хэвлэлийн төвд хэвлэсэн Үндсэн хуулийг Улсын үндэсний номын сан, 21 аймаг, 9 дүүргийн болон бусад номын сан, Хууль тогтоомж сурталчлах төвөөр дамжуулан түгээхээр төлөвлөж байгааг дуулгасан юм.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ч.Дэлгэрмаа, "Өнөөдөр бид ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчим болох хүний эрх, энэрэнгүй ёс, шударга ёсыг цогцлоох суурь зарчмыг өөрийн мэдэх брайль үсгээр унших боломж бүрдэж байна. Мэдээлэл авах боломж хязгаарлагдмал 11,500 гаруй хүн, мөн тийм тооны сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах чухал үйл явдал болж байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаад зогсохгүй хүн бүр суурь эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх түүхэн үйл явдал хэмээн манай холбоо онцлон тэмдэглэж байна" хэмээлээ. Тэрбээр, энэхүү түүхэн үйл явдлыг төр засаг, олон нийт, хүн бүр хөхиүлэн дэмжиж, хүн бүрийн суурь эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бүрэн дүүрэн хангах чиглэлээр олон талт соён гэгээрүүлэх үйл ажиллагааг цаашид зохион байгуулахыг холбооноос уриалж буйг дуулгалаа.
УИХ-аас мэргэжлийн байгууллага, холбоотой хамтран хэвлэн нийтэлсэн энэхүү брайль Үндсэн хууль нь 2019 оноос хойш оруулсан бүх нэмэлт өөрчлөлтийг багтаан нийтэлснээрээ онцлог юм.

Улаанбаатар