БУЛГАН: Дайны үеийн онгоцны нисгэгч гэр бүл
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. БНМАУ-ын эрхэм нисгэгч Дивиз командлан захирагч БНМАУ-ын баатар Монголын ууган нисэгчдийн нэг Ч.Шагдарсүрэн түүний гэргий, монголын анхны эмэгтэй нисгэгчдийн нэг С.Ичинхорлоо нар дайны онгоцны нисгэгч төдийгүй эх орныхоо төлөө эрэлхэг давшилтуудыг хийж байжээ.
Түшээт хан аймгийн Бишрэлт гүнгийн хошуу, одоогийн Булган аймгийн Могод сумын нутагт төрсөн. 11 наснаасаа анхны бага сургуульд, улмаар Улаанбаатар хотод дунд сургуульд дэвшин суралцаж төгссөн.
1926 онд Монголын нисэх хүчний анхны курст орж суралцан, нисэх онгоцны моторчин
мэргэжил эзэмшээд, 1927-1929 онд нисэх отрядад моторчин, 1929 онд нисэхийн
техникч ба хянагч улмаар нисгэгч болж, 1930 оноос ЗХУ-д Оренбургийн нисэхийн
дунд сургуульд суралцаж, 1932 оны гуравдугаар сард онц сайн төгсөж иржээ
Монголын нисэх хүчний анхны нисгэгчийн нэг Ч.Шагдарсүрэн 1933-1934 онд У-2, Р-1, Р-5 онгоцнуудыг жолоодон цэргийн дээд командлалын даалгавраар Улаанбаатар-Өндөрхаан-Баянтүмэн-Тамсаг булаг-Замын-Үүд чиглэлд нисэж, баруун зүгт Улаанбаатар-Цэцэрлэг-Улиастай-Ховдын чиглэлд 11000 километр зам нисэж эх орныхоо агаарын анхны замыг нээсэн.
1932 оны 5-9 дүгээр сард Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан аймагт дэгдсэн
хувьсгалын эсрэг зэвсэгт бослогыг дарахад оролцож, 100 гаруй удаа байлдааны
нислэг хийж, тагнах болон цэргийн ангиудын хооронд холбоо барих үүргийг нисэхийн нөхдийн хамтаар гүйцэтгэсэн. Тариа, Цэцүү хийд, Булнайн зоо нурууны
Асгат таг зэрэг газруудад агаараас хүчтэй цохилт өгч, дайсныг даран сөнөөсөн
учир Цэргийн гавьяаны улаан тугийн нэгдүгээр зэргийн одонгоор шагнуулжээ.
Ч.Шагдарсүрэн 1933 онд нисэх сургуулийн отряд байгуулан, 1934 онд нисэхийн дунд
сургууль байгуулагдахад захирлаар ажиллаж, нисгэгч, техникч, хянагч олон хүнийг
бэлтгэж байв. 1934 оны есдүгээр сард нисэх отрядын дарга Ч. Шагдарсүрэн,
сургагч В.А. Судет нар Р-5 онгоцоор нисэж, Улаанбаатраас Улаангом, Ховдоор
дамжин Үенч, Хавтаг, Байтаг Богд, Дэлүүн, Чингэл, Цагаан гол зэрэг газраар 5000
километр нислэг хийж, хасагийн дээрэмчдийн эсрэг гуч гаруй удаа дайралт хийж
эрэлхэгээр тулалдсан учир 1934 оны аравдугаар сарын 26-нд Цэргийн гавьяаны Улаан тугийн
одонгоор 2 дахиа шагнуулсан байна.
1936 оны
гуравдугаар сарын
29-31-нд Ар шавар, Адаг дулаан, Алаг морьт, Булан дэрс зэрэг газраар Японы 90
автомашинтай 1200 цэрэг, 12 танк, 4 нисэх онгоц бүхий хүчээр халдан довтлоход
Д. Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн нарын удирдсан 12 нисгэгчид өөрийн цэргийг агаараас
дэмжиж, дайсныг бут цохин зайлуулсан учир Улсын Бага Xурлын Тэргүүлэгчид, Сайд
нарын Зөвлөлийн 1936 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Улсын
эрхэм нисгэгч” цол хүртэж, Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор 3 дахиа
шагнуулжээ.
Ч.Шагдарсүрэн 1930-1936 онд Монгол Ардын хувьсгалт цэргийн нисэх отрядын дарга,
нисэх бригадын даргаар ажиллаж, улмаар 1937 оны дөрөвдүгээр сарын 20-нд "Дивиз командлан
захирагч" (хошууч генерал цолтой дүйцнэ) цол хүртсэн. 1937-1938 онд Монгол
Ардын хувьсгалт цэргийн Нисэх хүчний командлагчаар ажиллаж байхад нь 1938 оны аравдугаар сарын
21-нд Дотоод Явдлын Яамнаас баривчилж, хилс хэрэг тулган “Бүх цэргийн
коллег”-ийн тогтоолоор 1939 оны есдүгээр сарын 20-нд цаазаар авчээ.
Гэвч энэхүү түүхийг нуун БНМАУ-ын Агаарын зоригт баатар Ч.Шагдарсүрэнг Халхын голын байлдааны үед
агаарын хүч тэнцвэргүй тулалдаанд амь үрэгдсэн гэж зарлаж байсан аж.
Түүний эхнэр С.Ичинхорлоо нь БНМАУ-ын анхны эмэгтэй нисгэгчдийн нэг юм. С.Ичинхорлоо, Б.Цэрэндолгор, Ж.Цэвээндулам нарын нөхрүүдийг 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед хилсээр хилмэгдүүлэн гэр бүлийн хүмүүсийг нисэхээс халсан байна.
Монголын
Нисэх хүчний 100 жилийн түүхэнд 20 хүрэхгүй эмэгтэй нисгэгчид байдаг ажээ.
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар тогтоолоор Ч. Шагдарсүрэнг цагаатгажээ.
Монгол ардын армийн Агаарын нисэх хүчнийг хөгжүүлэх, эх орноо дайсны халдлагаас хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсныг тэмдэглэж, Ардын армийн нисэх хүчний даргаар ажиллаж байгаад амь үрэгдсэн “анхны нисгэгч” Ч. Шагдарсүрэнд Нисэх хүчний 40 жилийн ойг тохиолдуулан АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн зарлигаар БНМАУ-ын баатар цол нэхэн олгожээ.





Улаанбаатар