ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч мөс олон жилийн дунджаас нимгэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-01-12 13:44:38

Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс гаргасан энэ сарын 11-ний өдрийн Хөвсгөл аймгийн нутгаар урсах судалгаатай томоохон гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх 10 хоногийнхоос 5-20 см-ээр нэмэгдэж, 25-100 см зузаан болсон.


Тухайлбал Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд хадаалж, битүү мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд мөсний зузаан нь 55-65 см болж олон жилийн дунджаас 10 см-ээр бага байна.


Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Идэр, Бэлтэс, Эг зэрэг томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан 30-50 см байгаа нь энэ үеийн дунджаас 5-3 см-ээр бага байна.

 

Сэлэнгэ, Шишхэд, Бүгсий, Дэлгэрмөрөн голуудын мөсний зузаан 25-100 см болсон нь энэ үеийн дунджийн орчим, Хөвсгөлийн уулсаас эх авсан Үүр голын мөсний зузаан ажиглалтын цэг орчимд 100 см болсон нь энэ үеийн дунджаас 10 см-ээр ахиу байна гэж мэдээллээ.


Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрөн, нууруудын мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтаршиж, бэхжээгүй, нийт уртын дагуу харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа тул иргэд, малчид, аялагч, амрагч гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, баталгаат зам гүүр, гармаар зорчиж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

 

Хөвсгөл нуурын мөс өвлийн адаг сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед нь хангалттай хөлдсөн гэж үзэж "Мөсний баяр" хийдэг.


Холбоотой мэдээ