ГОВЬ-АЛТАЙ: Малын тэжээлийн үйлдвэрт онцгой анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-01-12 13:32:35

Говь-Алтай, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав нэгдүгээр сарын 9-нд Говь-Алтай аймагт ажиллан, Онцгой комиссын хуралд оролцов. 


Мөн үеэр тус аймгийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, “2025 оны зуншлага харьцангуй сайн байсан. Өвөлжилт одоогийн байдлаар хэвийн хэмжээнд байгаа ч газарзүйн онцлогоос шалтгаалж хавар хүндрэх эрсдэлтэй байдаг. Иймээс хаваржилт хүндэрч болзошгүй тул бэлэн байдлыг хангахад оролцогч талууд хамтран ажиллах нь чухал юм” гэлээ. 



Аймгийн ХХААГ-аас сүүлийн жилүүдэд малын бие давжаарах, махны гарц буурах үзүүлэлт гарсан. Тиймээс малын ашиг шимийн үзүүлэлтийг сайжруулах зорилгоор малын тэжээлийн үйлдвэрлэлтэд онцгой анхаарч ажиллаж байгааг мэдээлэв.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав Говь-Алтай аймгийн зарим сум өвөлжилтийн аюулгүйн нөөцийг хангалтгүй хэмжээнд бэлтгэсэн байдлыг анхааруулж, аюулгүйн нөөц хангалтгүйн улмаас гарч болзошгүй эрсдэл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллах чиглэлийг аймгийн Онцгой комисст зөвлөв. Ажлын хэсгийн гишүүдээс бэлчээрийн даац хэтрэлтийн мэдээг малын тоогоор гаргавал хэрэгцээлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог гаргаж, мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бодитой бэлтгэлийг хангахад чухал судалгаа болохыг тодотгож, хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн бодлого, шийдвэрийн мэдээллийг өглөө.


Дэд сайд Б.Нямжав Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ Гуулин тосгонд газар тариалан, үхрийн фермийн аж ахуй эрхлэгч Р.Өлзийбатын аж ахуйгаар орж танилцлаа. 



Р.Өлзийбат түүний гэргий Г.Жагдагмаа нар Улаанбаатар хотод 20 гаруй жил амьдарч байгаад 2023 оноос нутагтаа ирж суурьшсан байна. Тэд махны чиглэлээр үхрийн аж ахуй эрхэлж, тэжээлийн ургамал, эрдэнэшиш тарьж малын тэжээлээ бэлтгэдэг.


Усалгаатай талбайд хүнсний ногоо тарьж ургуулан орон нутагтаа нийлүүлдэг аж. "Атар-4" аяны хүрээнд хөрөнгө оруулалтын зээл авснаар 100 тоннын ногооны зоорьтой болж жилийн 4 улиралд хүнсний ногоогоо хадгалж, борлуулах боломжийг бүрдүүлэн, сумандаа үлгэр жишээ хөдөлмөрлөн амьдарч байна.


Холбоотой мэдээ