Н.Баярсайхан: Эрэгтэйчүүдийн амбулаториор өдөрт 5-10 хүн үйлчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-01-12 13:12:06

Арвайхээр, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Турк Улсын Засгийн газар, Туркийн Хамтын ажиллагаа зохицуулах газар болон Арвайхээр сумын ЗДТГ-ын санхүүжилтээр БОЭТ-д эрэгтэйчүүдийн амбулаторийг нээн ажиллуулж байна. Амбулаторийн үзлэг болоод эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар Н.Баярсайхан эмчээс тодрууллаа.


-Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах амбулатори хэзээ нээгдсэн бэ? Аль чиглэлээр үзлэг, оношилгоо хийж байна?

-Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Эрэгтэйчүүдийн кабинетыг нээгээд гурван сар болж байна. Миний хувьд мэс заслын зөвлөх эмч, эрэгтэйчүүдийн эмчийг давхар хариуцаж ажиллаж байгаа. Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд гэхээр ганц түрүү булчирхайн асуудал гэж ойлгодог. Гол асуудал мөн л дөө. Түүнээс гадна зүрх судас, элэг цөсний өвчлөл эрэгтэйчүүдэд их байна.

Жишээлбэл, зүрх судасны өвчний хяналтад байдаг хүмүүсийн 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг бол нас барагсдын 80 хувь нь эрчүүд байна. Тэгэхээр эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарал тавих нь сул, хяналтад орохгүй байна гэсэн үг.


-Эрэгтэй хүмүүс зүрх судасны өвчлөлд илүү өртөж байгаагийн шалтгаан юу вэ?

-Хорт зуршилд илүү их автаж байна. Бэртэж гэмтэх асуудалд илүү өртөж байна. Зохистой хоол хүнс хэрэглэхгүй, дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь зүрх судасны өвчлөлийг ихэсгэдэг. Хэвийн жинг барих, даралтаа тогтмол хянах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой.  


-Түрүү булчирхайг эрэгтэйчүүдийн хоёр дахь зүрх гэдэг. Энэ эрхтэнийхээ эрүүл мэндэд хэр анхаарч байна вэ?

-40-өөс дээш насанд түрүү булчирхай томрох шинж тэмдэг илэрч эхэлдэг. 50-иас дээш насны 20 хувьд, 60-аас дээш насны 30 хувь, 70-аас дээш насныхны 50-иас илүү хувьд түрүү булчирхайн ямар нэг эмгэг илэрдэг. Хоргүй хавдар, үрэвсэл, шохойжилт, жижгэрч хатуурах гээд олон асуудал бий.  

Түрүү булчирхай өвчлөхөд ямар нэг зовуурь байдаггүй. Харин дүлж шээх, давсганд шээс үлдэх, чинэрэх, шөнө олон дахин шээх шинж тэмдгээр илэрнэ. Ийм үед манайд хандаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй.



-Байгуулснаас хойш хэчнээн хүн үзэв. Өвчлөл хэр их байна. Ер нь ирж үзүүлж байгаа хүмүүсээс харахад өвчлөл нийгмийн аль ангилалд түлхүү байна вэ?

-Хүмүүс мэддэг болж байгаа. Өдөрт 5-10 хүн ирж үзүүлж байна. Намраас хойш хоёр ч хүнд түрүү булчирхайн хавдар илэрлээ. Дан эрчүүд гэхгүй, урологийн тусламж эмчилгээ авах гэж хүүхдүүд ч ирдэг. Нийгмийн байдлаар нь авч үзвэл ихэвчлэн малчид болон хүнд хөдөлмөр эрхэлдэг эрчүүд эрүүл мэндийн асуудалтай байна.


-Түрүү булчирхайн мэс заслыг аймагтаа хийх үү?

-Түрүүн булчирхайн үрэвсэл, томролын үед дурангаар авах, бөөр, шээсний замын чулууг буталж авах, гуурс тавих гээд бүх төрлийн хагалгааг Б.Ганзориг эмч маань маш сайн хийж байгаа. Жилд 20-30 хүн мэс засалд орж байна.


-Түрүү булчирхайг өвчлүүлэхгүй байхын тулд эрчүүд юуг анхаарах шаардлагатай вэ?

-Нас өндөр болсон ч түрүү булчирхай нь өвдөөгүй хүмүүс ч байдаг. Дороосоо даарахгүй байх, бага, залуу насандаа ямар нэг үрэвсэлт өвчнөөр өвдөхгүй байх хэрэгтэй. Залуучууд бэлгийн замын халдварт өвчин авсан тохиолдолд нуугаад дур мэдэж эмчилдэг. Гадуур эм уухад тухайн үедээ эмчилгээ авсан мэт зүгээр болдог боловч энэ нь яваандаа түрүү булчирхай томроход нөлөөлдөг. Тийм болохоор цаг алдалгүй, бүрэн төгс эмчлүүлэх шаардлагатай юм. Халуун ногоотой хоол бас сайн биш.


-Цаашид эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг анхаарах чиглэлээр юу хийх вэ?

-Айл гэр, албан байгууллага, улс орны тулгуур болсон эрчүүд маань эрүүл мэнддээ анхаарч, урт удаан наслах нь чухал байна.

Залуу гэр бүлүүдийн дунд үргүйдлийн асуудал түгээмэл илрэх хандлагатай байгаа. Тиймээс эндээ үрийн шингэний шинжилгээ авчихдаг болмоор байгаа юм.Үүнийг нэвтрүүлэхийн тулд лабораторийн асуудлыг шийдэх хэрэгтэй болно.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Холбоотой мэдээ