ХӨВСГӨЛ: Амралтын өдрүүдэд ОБГ-т мөсөнд цөмөрсөн 3 дуудлага бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд гол нуурын мөсөнд цөмөрсөн 3 дуудлага бүртгэгдэж, 2 иргэн амиа алдсан байна.
Хатгал тосгон Тойлогтын үзүүр гэдэг газар Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр түлээ ачсан Зил-131 авто машин дотроо 3 хүнтэй 1 хүн нь эсэн мэнд, 2 хүн живсэн тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдөр хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч хошууч Х.Мөнхбатаар ахлуулсан алба хаагчид дээрх дуудлагаар одоо ажиллаж байна.
Рэнчинлхүмбэ сум Дээд цагаан нуур гэдэг газар нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын авто машин дотроо 3 том хүн, 2 хүүхэд зорчиж явсан, мөс цөмөрч живсэн. Зорчигчид эсэн мэнд гарсан дуудлагаар ажиллаж, живсэн авто машиныг татаж гаргасан.
Мөн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон Тойлогтын үзүүр гэдэг газар Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын авто машины урд 2 дугуй мөс цөмөрсөн дотроо 2 хүн зорчиж явсан зорчигчид эсэн мэнд гарсан бөгөөд дуудлагаар ажиллаж, авто машиныг татаж гаргасан байна.
Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүлийн зузаан харилцан адилгүй, мөсний зузаан хөлдсөн хэсгээр 40-55 см зузаан, зарим хэсгээрээ хөлдөөгүй байна.
Иймд иргэд та бүхэн цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явган болон автотээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулж байна.
Мөн хараа хяналтгүй бага насны хүүхдийг мөсөн дээр тоглуулах, автотээврийн хэрэгслээр чаргатай нь чирэхгүй байхыг зөвлөж байна.
Хөвсгөл нуурын мөс өвлийн адаг
сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох
үед нь хангалттай хөлдсөн гэж үзэж "Мөсний баяр" зохион байгуулдаг.
Улаанбаатар