АРХАНГАЙ: Дэлхийн өвийн буган хөшөөний дурсгалууд 47 мянга гаруй га талбайг хамарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-01-12 11:53:51

Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн “Буган хөшөө ба холбоо бүхий хүрлийн үеийн дурсгалууд” ЮНЕСКО буюу дэлхийн өвийн жагсаалтад 2023 оны 9 дүгээр сард албан ёсоор бүртгэгдсэн билээ. Харин батламжаа 2025 оны 11 дүгээр сард авсан юм.


Энэ үйл явдал нь энэхүү соёлын өвийг нүүдэлчдийн бүтээсэн соёлын орон зайд түүх, соёл урлаг, гоо зүй, танин мэдэхүйн асар нандин, дахин давтагдашгүй хосгүй үнэт өв гэдгийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.

 

Буган хөшөө болон холбоо бүхий хүрлийн үеийн цогцолборын талаар цуврал нийтлэлийг хүргэж байна.

 

№1

Дэлхийн өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор дурсгалд,

-Архангай аймгийн Ихтамир, Батцэнгэл сумын нутаг дахь “Хойт Тамирын хөндийн буган хөшөө болон холбоо бүхий хүрлийн үеийн цогцолбор”

    - Өндөр-Улаан сумын нутаг дахь “Жаргалантын амны буган хөшөө болон холбоо бүхий хүрлийн үеийн цогцолбор”

    - Өндөр-Улаан сумын нутаг дахь “Уртын булагийн буган хөшөө болон холбоо бүхий хүрлийн үеийн цогцолбор”

   -Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дахь “Уушигийн өврийн буган хөшөө болон холбоо бүхий хүрлийн үеийн цогцолбор” гэсэн дөрвөн хэсэг соёлын өвийн газрыг төлөөлүүлэн нэр дэвшүүлсэн бөгөөд Монгол Улсад томоохонд тооцогдох эдгээр цогцолбор дурсгалын гурав нь Архангай аймгийн нутагт оршиж байна.

 

Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн дээрх дөрвөн дурсгалт газар нь хүрлийн хожуу үеийн хиргисүүр, дөрвөлжин булш, тахилын байгууламж бүхий оршуулга, тайлга тахилгын цогцолбор газрууд учир тодорхой гол мөрөн, тахилгат уулстай холбогдох НТӨ 1200-600 оны хооронд 600 гаруй жилийн турш үргэлжилсэн соёл юм.

 

Эдгээрийн дотор Хойд Тамирын хөндийн цогцолбор нь хамгийн том хэмжээтэй буюу 33676.71 га талбайг хамарсан нь буган хөшөөний соёлын голомт нутагт тооцогддог байна.

 

Харин Жаргалантын амны дурсалт газар 5064.98 га, Уртын булгийн дурсгалт газар 5593.26 га, Уушигийн өврийн дурсгалт газар нь 2780.72 га талбайг хамардаг байна.

 

Нийт 47115.08 га газарт хамаарах буган хөшөө болон холбоо бүхий хүрлийн үеийн дурсгалт газруудыг дэлхийн өвд Монгол Улсаас мэдүүлэн ийнхүү бүртгүүлснийг МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн археологич судлаачдын эрхлэн гаргасан “Дэлхийн өв: Буган хөшөө ба холбоо бүхий хүрлийн үеийн дурсгалууд номд дурджээ.

 

1972 оны Соёлын өвийн конвенцод зааснаар дэлхийн гайхамшигт хосгүй үнэ цэнтэй, түүнийг нотлох зургаан шалгуур болон тухайн өвийн эх төрх, бүрэн бүтэн байдал бүхий шинж чанарыг агуулах ёстой. Энэ шаардлагын дагуу “Буган хөшөө ба холбоо бүхий хүрлийн үеийн дурсгалууд” өвийн газрыг дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэхэд МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн тэргүүлэн ажилласан байна.

 

Монголын археологчид 2018-2021 онд нийт 1318 буган хөшөөг бүртгэн, баримтжуулж, эрдэм шинжилгээний тодорхойлолт, гэрэл зургийн баримтжуулалтыг нэтгэсэн Монголын анхны бүрэн каталогийг гурван ботиор хэвлүүлсэн байдаг байна.

 

Холбоотой мэдээ