Алтны үнэ 4600 ам.долларт хүрлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-01-12 21:33:30

НЬЮ-ЙОРК, 2026 оны нэгдүгээр сарын 12 /DW/. Иранд дэгдсэн улс төрийн хямрал болон АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хараат бус үйл ажиллагааны талаарх эргэлзээ лавширч байгаагаас үүдэн алтны үнэ огцом өслөө.


Өнөөдөр буюу даваа гарагт шилжих шөнө Нью-Йоркийн Comex таваарын биржид болсон арилжаагаар  хоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс үнэ түүхэн дээд хэмжээнд буюу нэг унц нь 4600 ам.долларт хүрчээ. Хэсэг хугацааны дараа үнэ 4578 унц/доллар болж буурсан боловч өмнөх арилжааны үнийн дүнгээс 1.5 хувиар илүү байна.  


Ер нь бол, шинэ он гарснаас хойш алтны үнэ 6 хувиар өсжээ. Энэхүү үнэт металл өнгөрсөн 2025 онд хамгийн их эрэлт хэрэгцээтэй актив байж, үнэ нь 65 хувиар өссөн нь 1979 оноос хойш үзэгдээгүй хамгийн өндөр өсөлт юм. Үүнийг дагаад өнгөрсөн нэг жилийн хугацаанд мөнгөний үнэ 150 хувиар өссөн байна. Өнөөдрийн арилжаагаар унц мөнгөний үнэ 4.5 хувиар өсөж, 83,45 ам. долларт хүрсэн нь 2025 оны төгсгөлд тогтоосон дээд үзүүлэлтээс үл ялиг доогуур байгаа юм.


Үнэ өссөн үндсэн шалтгаанууд


Үнэт металлын үнэ өссөн нь юуны түрүүнд Иранд дэгдсэн эсэргүүцлийн ажиллагаатай холбоотой. Түүнчлэн АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сангийн хараат бус байдалд эргэлзэх явдал газар авч буйгаас шалтгаалсан хэмээн шинжээчид дүгнэж байна. Ялангуяа сүүлийн үед Ерөнхийлөгч Д.Трамп, ХНС-гийн тэргүүн Ж.Пауэлл нарын хоорондох зөрчил ширүүсжээ. Өөрийнх нь эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь ХНС-гийн шийдвэрүүдэд нөлөөлөх гэсэн оролдлого мөн хэмээн Пауэлл хэлсэн байна. Ер нь бол цаашдаа тус сан улс төрийн дарамт шахалтаар бус харин эдийн засгийн бодит байдлаас улбаалан бодлогын хүүг тодорхойлж чадах уу үгүй юү гэдэг асуудал хөндөгдөж байгааг тэрбээр дурдлаа.


Улс төр, геополитикийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа үед, мөн хямрал, мөргөлдөөний үед хөрөнгө оруулагчид алтыг найдвартай актив гэж үздэг. Харин мөнгө бол хөрөнгө оруулалтын хэрэгслээс гадна аж үйлдвэрийн чухал металл юм. Уг металлыг хиймэл оюун ухаан, роботтехник, эрчим хүчний технологиудад өргөнөөр ашиглаж байна. 

Холбоотой мэдээ