ӨВӨРХАНГАЙ: Соёлын төвүүдийг Хүний хөгжлийн ордон болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-01-12 08:45:18

Арвайхээр, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам амралтын өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, салбарынхаа үйл ажиллагаатай танилцлаа.


Тэрбээр ажлынхаа эхэнд алба хаагчидтай уулзалт хийж, салбарын бодлого, төлөвлөгөөг танилцуулсан юм. Энэ үеэр нүүдэлчин ахуйд суурилсан өв соёлыг олон улсад түгээн сурталчилж, эдийн засгийн эргэлтэд оруулах, залуучуудын оролцоог ханган манлайллыг дэмжих бодлого барьж буйгаа хэлэв.


Мөн соёлгүй Соёлын ордон байж болохгүй учраас орон нутгийн Соёлын төвүүдийг Хүний хөгжлийн ордон болгох, интернэт дата, кофе шоп зэргийг бий болгож, үйлчлүүлэгчдийн чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх, ариун цэврийн байгууламжийг шийдэх зэрэгт анхаарч ажиллахаа илэрхийллээ.


Энэ үеэр салбарын албан хаагчдаас асуулт асууж, санал хүсэлт тавилаа. Тухайлбал, Төв номын санд шинэ номоор баяжилт хийх, Музейд эрдэм шинжилгээ, судалгаа хийх зардал байхгүйг, зарим сумдын Соёлын төвийн барилга засварлах шаардлагатайг, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлийн зардал 50 хувиар буурсныг дуулгасан юм. Тэрчлэн мэргэжлийн боловсон хүчин хүрэлцээгүй, цалин, урамшуулал бага байгааг хэлж байв.



Уулзалтын дараа аймгийн музейн шинэ барилгын явцтай танилцлаа. 2021 онд ажлаа эхлүүлж, 2022 онд ашиглалтад оруулах байсан ч өнөөг хүртэл удааширч байгаа тус барилгыг үе шаттайгаар хэсэгчлэн ашиглалтад оруулах үүрэг өгөв. Музейн үзэл баримтлалын төлөвлөлтийг яамнаас даруй баталж өгөхөө хэллээ.


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарыг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, стратеги төлөвлөгөөг орон нутгийн онцлог, хэрэгцээтэй уялдуулан хэрэгжүүлэхэд орон нутагтай хамтран ажиллахаар аймгийн удирдлагуудтай санал солилцсон байна. 

Холбоотой мэдээ