ЗАВХАН: Улаанбаатараас Улиастай руу 70 жилийн өмнө нислэг үйлдэж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-01-12 11:50:44

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/Улаанбаатараас Улиастайн хооронд 1956 оноос эхлэн онгоц нисдэг болжээ.


Завхан аймгийн нисэх онгоцны буудал Жавхлант хотоос 32 км зайд орших Донойн хөндийд таван гэртэйгээр анх байгуулагдаж байсан байна.


1958 оноос Жавхлант хотын дэнжид төвлөрч байгаад 1987-1994 онд Донойн хөндий, 1994-2002 онд Улиастайд шилжин байрлаж байсан түүхтэй. 1956 оноос Улаанбаатар Жавхлантын хооронд долоо хоногт 2 удаа, 1961 оноос Улиастайгаас Тосонцэнгэл бусад суманд долоо хоногт 45-50 удаа агаарын зорчигч шуудан харилцааны нислэг үйлдэх болжээ.


Өөрөөр хэлбэл Улаанбаатараас Завхан аймгийн хооронд АН-2 онгоцоор долоо хоногт 1-2 удаа ачаа шуудан, зорчигч тээврийн үүргийг гүйцэтгэж байсан байна.


2019-2020 онд Донойн хөндий дэх “Отгонтэнгэр нисэх буудал"-ын хатуу хучилттай зурвасыг ашиглалтад оруулсан байна. Тус буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нисэх онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас бүхий аэродромын иж бүрэн барилга байгууламжийг ашиглалтад өгчээ.


Нисэх буудлын аэродром 3С хяналтын код бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадал бүхий 2860х30 метр хэмжээтэй хөөрч буух зурвас болон 300х15 метрийн хэмжээтэй явгалах зам бүхий тоосгүйжилтын талбай, тоормозлох зурвас бүхий иж бүрэн аэродром болон үерийн ус зайлуулах суваг бүхий хөөрч буух зурвастай болсноор ямар ч төрлийн онгоц чөлөөтэй буух боломж бүрдсэн байна.


Сонирхуулахад, Отгонтэнгэр нисэх буудлаар 2025 онд нийт 145 нислэгээр 2758 зорчигч үйлчлүүлсэн байна. Хуваарьт нислэгээр 4894 ширхэг, 26132кг гар тээш, тээш тээвэрлэгдэж, 163 зорчигч дамжин өнгөрчээ.

 Зудын тусламжийг онгоцоор хүргэж байв. 1968 он. Эх сурвалж: КГЗДАБА

Холбоотой мэдээ