Т.Алтантулга: Уртын дуугаа дуулахад цэлийсэн их талаар морьтой салхи татуулан давхиж байгаа мэт мэдрэмж авдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол өв соёлыг таниулах зорилгоор “Нүүдэлчин" фестивалийн 2023 оны шилдэг өвлөн уламжлагч, уртын дуучин, МУСТА Тувааны Алтантулгатай ярилцлаа.
-Таныг удам дамжсан уртын дууч гэж сонссон. Энэ тухайгаа дэлгэрүүлэн хуучилна уу?
-Би Бүрэн сумын Гурван хүрийн дэнжид төрж өссөн. Миний эмэг эх Цэмпилийн Хорол гэж уртын дуучин хүн байсан. Ер нь л Бүрэн сум адуутай айрагтай, найр наадам ихтэй. Энэ ай саваа дагаад дуулж хуурддаггүй хүн гэж байдаггүй байлаа. Эмэг эх минь бараат аялгуугаар дуулдаг байсан нь их сонирхолтой, чимэгтэй сонсогдож, эмээгийнхээ дуулахыг сонирхон сонссоор байгаад уртын дуунд их дуртай болсон. Миний хувьд уртын дуучид удам дагадаг гэж боддог.
-Монголын алдарт дуучин Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзадын гарын шавь гэж байсан. Хэдэн онд шавь орсон бэ? Тухайн үеийнхээ түүхээсээ хуваалцвал?
-1983 онд УБДС-ийн дуулаачийн ангид уртын дуучин мэргэжлээр элсэж ингэхдээ Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзадын гарын гурван шавийнх нь нэг болж байлаа. 1987 онд тус ангийг төгсөж байхад уртын дуучнаар дээд боловсрол эзэмшсэн хүн бид гурав л байсан юм. Тухайн үедээ багш минь намайг юм сурдаггүй гэж их л зэмлэдэг байлаа. Төгсөхдөө ч төгс болоод төгсчихдөггүй юм билээ. Одоо ч суралцсаар л явна.
1987 онд сургуулиа төгссөн жил багш минь гараас хөтлөөд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад дуучнаар оруулж өгч байлаа. Тухайн газартаа 1994 он хүртэл ажиллаад 1999 онд Бүх цэргийн дуу бүжгийн чуулгад гоцлол дуучин, 2013 оноос Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байгаад одоо чөлөөт уран бүтээлч хийгээд явж байна. Энэ бүх урлагийн замналд багш минь л гараас хөтөлж, чиглүүлж өгдөг байсан.

-Таны эмэг эх баянбараат аялгуугаар дуулдаг байсан гэсэн. Энэ аялгууны онцлог нь юу байдаг вэ? Тус аялгуугаар дуулсан алдартай дууг нэрлэвэл?
-Баянбараат аялгуу бол хорол номын уншлага шиг их өвөрмөц аялгуу юм. Баруун аймгийн дуу их урт байдаг бол баянбараат аялгуу нь богино хэмжээтэй уургын морио уургалахад бага зэрэг налайгаад босоод ирээд үргэлжлүүлэн давхиж байгаатай адилхан мэдрэгддэг. Маш ганган нарийн нандин хийцтэй аялгуу юм. Баянбараат аялгууны хамгийн том төлөөлөл болсон хүн бол Цэнджавын Төмөр гэж хүн бий. Түүний алдарт "Дөмөн" гэж дуу нь тус аялгууны хамгийн том төлөөлөл юм. Энэхүү дуун дээр ...Түмэн агтны дундаас дүүхэлзүүлсээр ирдэг билээ гээд түрүүлээд ирж байгаа морийг магтаж байгаа нь ямар уран тансаг гэж санана. Мөн Амбанцэцэн ханы хүлэг, Урьхан хонгор салхи, Хүрэн хаалгатай дэлгүүр гэх зэрэг тус аялгууны төлөөлөл болсон олон сайхан дуу бий.
-Уртын дуу дуулж байхдаа мэдэрдэг мэдрэмжээсээ хуваалцана уу?
-Уртын дуу дуулах үед хамгийн хээнцэр хувцас, хэрэглэлээ зүүгээд, хээр талаар морин дээр салхи татуулан давхиж байгаа мэт мэдрэмж төрдөг. Ингэх үедээ Алтантулга гэх өөрийгөө ч мартсан байдаг. Зарим үед цэлийсэн их талын налайсан бэлчээрийн захад дуулаад явж байгаа мэт мэдрэмжийг авдаг. Гайхалтай олон ертөнцөд авч очиж чаддаг зүйл бол уртын дуу юм.
-Уртын дуугаар ямар амжилт гаргаж байв?
-1980 онд Бүх ард түмний урлагийн их наадмаас 2 дахь алтан медалиа хүртэж, Төв аймгийн аварга дуучин болж байлаа. 1993 онд Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит уртын дуучдын улсын уралдааны “Хурмаст тэнгэр”, Алдарт дуучин Төмөрийн нэрэмжит Бараатын дууны улсын уралдааны тэргүүн байр, Магсар хурцын Дугаржавын зохиосон таван дууны улсын уралдаанаас “Идэр жинчин”, “Баян монгол” дуугаараа тэргүүн байрын шагнал хүртэж байв.
Мөн “Үлэмжийн чанар”, “Уяхан замбуу тивийн наран”, “Нар хурайлсан аялгуу”, “Ардын дууны хүүхнүүд”, “Ижий тэнгэртэй дуун хэлхээ”, “Жаргалтайн дэлгэр” зэрэг уран бүтээлийн тайлан тоглолтоо 11 удаа хийсэн.
Хятад, Орос, БНАСАУ, Япон, Халимаг зэрэг оронд зочлон тоглож, Соёлын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан.
"Нүүдэлчин өв соёлын дэлхийн фестиваль-2023"-д ардын болон уртын дуугаар оролцож “Шилдэг өвлөн уламжлагч”-аар тодорсон.

-Цаашид уртын дууны чиглэлээр ямар ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Бараат аялгуугаар сургалт явуулах хэрэгтэй байна. Энэ талаараа төсөл бичиж, хамтран ажиллах хүмүүс хайж байна. Мөн ардын болон уртын дууны уралдаан зохион байгуулбал олон хүнд хүрч, өвлүүлж уламжлуулах ажилд дөхөм болох болов уу гэж бодож судалж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Улаанбаатар