ДОРНОГОВЬ: "Түмэн тэмээний эзэд-2026" баруун бүсийн наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-01-09 16:26:41

Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сумын ИТХ, ЗДТГ-аас "Түмэн тэмээний эзэд-2026" аймгийн баруун бүсийн наадмыг нэгдүгээр сарын 22-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.


Энэхүү наадмыг тус сумаас төрөн гарсан БНМАУ-ын анхны тэмээчин, хөдөлмөрийн баатар Насангийн Хүрээтийн мэндэлсний 115 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах бөгөөд хурдан ат, тайлаг, тором уралдуулж тором унасан тоодгор хүү, шилмэл буур, ингэ, сайхан ат шалгаруулна. Мөн "Мандахын улаан тэмээд" дууны уралдаан болно.


Ташрамд, Мандах сум 2025 онд 157.6 мянган толгой мал тоолуулж малынхаа тоогоор аймагтаа дөрөвт жагсаж байгаа бол 12307 тэмээ тоолуулж тэмээгээ өмнөх оныхоос 6.8 хувиар өсгөсөн амжилтаар аймагтаа хошуучилж байна. Тус сум эрт үеэс тэмээн сүргээрээ алдартай.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тэмээчин Насангийн Хүрээт энэ нутгийнх. Мөн 1973, 1975 онд 13 мянган тэмээ тоолуулж "Мөнгөн буур", "Мөнгөн ботго"-ны эзэн болж байсан Мандах сумынхан 2023 онд “Түмэн тэмээний баяр” зохион байгуулж байжээ.



Холбоотой мэдээ