ОРХОН: Хүүхдүүдэд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлууд үр дүнгээ өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Хүүхдийн ордны дэргэдэх “Бүжихүйн өв” клубийн 60 хүүхдийг хамруулсан “Сэтгэлийн хүч ба итгэлийн алхам” сэдэвт сэтгэл зүйн сургалт, нөлөөллийн ажлыг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас өнөөдөр хамтран зохион байгууллаа.
Тус сургалтаар хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, айдас, түгшүүрээ зөв таньж даван туулах арга барилд суралцахын зэрэгцээ тайзан дээр болон өдөр тутмын амьдралд эерэг сэтгэлгээ, сэтгэлийн хүчийг хөгжүүлэх дадал хэвшлийг нэмэгдүүллээ.
Авьяас чадвартай, хүүхдүүдийн хөгжил, оролцоог дэмжих үйлсэд хамтран ажилласан Хүүхдийн ордны дэргэдэх "Бүжихүйн өв" клуб Орхон аймагтаа тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.
Тус клубийн хичээл зүтгэл, урам зориг, сэтгэл зүйн дэмжлэг нь Орхон аймгийн хүүхэд багачуудыг өөртөө итгэх итгэлтэй болгох болон авьяас чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.


Улаанбаатар