ХОВД: Гавьяат тамирчин Б.Энх-Оргил өсвөрийн тамирчидтай уулзаж, туршлагаасаа хуваалцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-01-09 14:45:22

Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол хүний хүч чадал, тэсвэр хатуужлыг олон улсад сурталчлахын зэрэгцээ хөдөлмөр зүтгэл, авьяас чадвараараа манлайлан гавьяат тамирчин цол хүртсэн холимог тулаанч Б.Энх-Оргил өнөөдөр Ховд аймагт ирлээ.  

Түүнийг спортын салбарынхан болон орон нутгийн удирдах ажилтнуудын төлөөлөл хүлээн авч уулзан, хүндэтгэл илэрхийллээ.  
   

Улмаар “Аваргууд” хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн холимог тулааны тамирчин, дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргилд Ховд аймгийн “Хүндэт иргэн” шагнал олгож, 20 сая төгрөг, түүний багш дасгалжуулагч Ж.Нарантунгалагт 5 сая төгрөгийн батламж гардуулав.  

 


  

Үүний дараагаар Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргил, өөрийн багш, гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн хамтаар Ховд аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчидтай уулзаж, амжилтад хүрэх замнал, спортын үнэ цэнийн талаар туршлагаасаа хуваалцлаа.  


Өнөөдрийн байдлаар Ховд аймагт спортын төрлүүдийг хөгжүүлэхээр 200 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд гар бөмбөг, ширээний теннис, жүдо, таеквондо зэрэг спортын арван төрлөөр тамирчдыг бэлтгэж иржээ. Зөвхөн шигшээ багуудад л гэхэд 685 хүүхэд суралцаж хөгжиж байна.   




Энэ удаагийн уулзалтын үеэр өсвөрийн шигшээ багийн тамирчдын төлөөлөл бэлтгэл сургуулилалт, сахилга бат, зорилгын талаар сонирхсон асуултуудаа асууж, хариулт авлаа.   


Гавьяат тамирчин спортод урт хугацааны тогтмол бэлтгэл, тууштай байдал, тэвчээр хамгийн чухал гэдгийг онцолж, ялагдлыг давж сурах нь амжилтын эхлэл болдгийг залуу тамирчдад зөвлөлөө.   


Өсвөрийн тамирчдын хувьд энэ удаагийн уулзалт нь урам зориг өгч, цаашдын зорилгоо тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.       
























Өсвөрийн шигшээ багийн тамирчин С.Сумъяабэйс, “Би 12 настай. Сүлд алдар клубийн тамирчин. Таеквондогийн спортоор хичээллээд зургаан жил болж байна. Гавьяат тамирчин Б.Энх-Оргилтой уулзахыг ихэд хүсэж хүлээсэн. Өнөөдөр гоё өдөр байна, түүнтэй уулзсандаа баяртай байна. Би гавьяат тамирчны ярианаас амжилтад хүрэхийн тулд хичээл зүтгэл, тэсвэр, ур чадвараа хөгжүүлэх нь чухал гэдгийг ойлголоо. Би цаашдаа хичээнэ ээ”.      


Ийм уулзалтууд нь спортын залгамж халааг бэлтгэх, амжилттай яваа тамирчдын бодит туршлагыг залуу үед хүргэхэд давуу тал болж байна.      

 



Холбоотой мэдээ