БУЛГАН: Монголын хүүхдийн анхны эмэгтэй зохиолч "Үлгэрийг хэн бичдэг юм бол" гэж гайхдаг охин байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны нэгдүгээгр сарын 9 /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн анхны эмэгтэй зохиолч Монголын
зохиолчдын эвлэлийн шагналт, оны шилдэг бүтээлийн “Алтан-Өд”-ийн тэргүүн
шагналт хүүхдийн нэрт зохиолч Шаравын Энхбаяр “Үлгэрийг хэн бичдэг юм бол” гэж
гайхдаг охин байжээ.
Шаравын Энхбаяр нь 1950 онд Булган аймгийн Орхон суманд төрсөн. 1969 онд Цэцэрлэгийн
багшийн сургууль төгсөж мэргэжлээрээ багш эрхлэгч, Хүүхдийн төлөө үндэсний төвд
тус тус ажиллаж байжээ.
2000 онд Ардын боловсролын тэргүүний
ажилтан, 2002 онд “Баруундаа зүүндээ хоёр” бүтээлээрээ МЗЭ-ийн нэрэмжит шагнал,
2009 онд Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртэж, 2016 онд “Алтан-Өд”
шагналыг хүүхдийн уран бүтээлийн төрөлд “Болжмор”, “Шоовдор” бүтээлээрээ хүртэж
байв.
Хүүхдийн шүлгийн ном: “Оосортой од” /1979/ “Лууванд дуртай жаал”/1985/ “Галын уралдаан”/2000
Үлгэрийн ном: “Тэнэмэл бяцхан хамардай” /1994/ “Баруундай зүүндэй хоёр” /1999/ “Салхин тийрэн” /2005
Өгүүллэг: “Бид хоёр хамтын” /1996/ “Бид ингэж амьдарна” /1997/ “Халиуны зулзага хаана байна” /1998/ “Тэр юу вэ?” /2001/ “Миний тоглоом” /2003/
Тууж: “Мэддэгт мэргэн цоохор” /2002/ “Орон дээрээ онцгой цэцэг” /2002/ “Бор хурга модон сүүлтэй” /2002/ “Өрхөн дээр өмбөө цөмбөө” /2002/ “Хоохондой мэргэн” /2002/ “Би чихрэн хүүхэд” /2003/ “Сагсгархан” /2003/ “Хурдан туулай” /2006/ “Алман саран ээж” /2007/
Хүүхдийн ном: “Хоёр чих нь дэлдгэс” /2010/ “Миний сайн нөхөр” /2010/ “Хүүхэд нас” /2011/ “Миний эх орон” /2011/ "Цойлж яваа янзага" хүүхдийн дууны номуудтай
Судалгааны ном: “Самбуугийн Надмид” /2003/
Түүний бага нас Булган аймгийн Халиун сум буюу одоогийн Орхон сумын Халиун бригадад өнгөрсөн. Аав Шарав, ээж Дулам нар нь том хүн болох чөлөөгүй эрхлүүлж энхрийлж эрх танхи өсгөсөн гэдэг. Багаасаа үлгэр сонсож өссөн тэрээр “Энэ үлгэрийг хэн бичдэг юм бол, номыг хэн ийм гоё болгодог юм бол” гэж байнга боддог охин байжээ. Сургуульд ороод шүлэг их цээжилдэг, ном их уншдаг байсан нь зохиолч болоход нөлөөлсөн. Тэр тусмаа хүүхдийн уран зохиол бичих хөрс, суурь болсон болов уу” хэмээн ярьсан байдаг.
Анхны номоо 19 настайдаа гаргасан байна. Туузтай ишиг”, “Бөмбөг бид хоёр” гэсэн овоо хэдэн шүлэгтэй ном биччихсэн байж. Яг энэ үед радиогоор хүүхдийн номын уралдаан зарлаж байгаа тухай мэдээ сонсоод, өнөөх 40 орчим шүлэгтэй номоо явуулчихсан гэнэ. Тэгж байтал Д.Содномдорж гуай радиогоор ярьж байна. “Шаравын Энхбаяр гэж зохиолчийн ном уралдаанд шалгарлаа” гээд л. Ингээд Д.Содномдорж гуайн зөвлөгөөг сонсож, номоо редакторлуулаад 1979 онд “Оосортой од” нэрээр анхны бүтээлээ хэвлүүлж байжээ.
Шаравын Энхбаяр гэж эл эрхэм хүмүүн бол Булган нутгаас төрсөн Монголын хүүхдийн анхны эмэгтэй зохиолч сургуулийн бага ба өмнөх насныханд зориулсан 40 гаруй ном хэвлүүлэн олны хүртээл болгосон юм. Хүүхдийн сурах бичигт "Бүдүүн хүн бүсээ бүсэлж чадахгүй", "Янзага" гээд олон өгүүллэг, шүлэг нь орсон,. Бүх номынх нь зургийг УГЗ Гунгаа зураач зурж олонд хүргэсэн байдаг.
Монголын хүүхдийн анхны эмэгтэй зохиолч Шаравын Энхбаяр гуай маань Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч Хоролын Зандраабайдий гуайн гэр бүлийн хүн ажээ.
Түүний хань Х.Зандраабайдий 1934 онд Дундговь аймгийн Цагаан-Овоо суманд төрж, авьяас онгод билгээрээ ард түмнээ ханатал дайлан, оюуны цангааг нь тайлж өгүүллэг, тууж, роман, нийтлэл, тэмдэглэл, судалгааны 40-өөд ном хэвлүүлж, “Задын чулуу”, “Шүртэй алтан бөгж”, “Аранга” зэрэг бүрэн болон нэг бүлэгт жүжиг, “Хонины найр”, “Хөх ногооны униар”, “Гул аранжин” зэрэг кино бүтээжээ.
Монголд намтар
судлал, “Буяннэмэх судлал”-ыг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулж, суут зохиолч
С.Буяннэмэхийн уран бүтээл, амьдрал, намтрыг судалсан баримтууд дээрээ түшиглэн
“Буяннэмэхийг дурсахуй” ном, Монголын орчин үеийн уран зохиолч нөхдийнхөө
ховор, үнэт дурсамжуудыг хуваалцсан “Бадмаарсан зул” номыг бичин хэвлүүлж,
“Монголын зохиолчдын лавлах толь”, “МЗЭ-ийн он дарааллын товчоо” номыг эмхэтгэн
гаргасан билээ. Түүний уран бүтээлийг судлаачид өндрөөр үнэлж, “Хорьдугаар
зууны Монгол зохиолчид” цуврал номын 68 дахь дугаарт бүтээл, туурвилыг нь
нийтэлж, төр засгаас Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан байдаг.
Өнөөдөр оюун санааны оргил болсон он цагийн түүх соёлыг тэмдэглэн үлдээгч бүтээн туурвигчдын нэгдэл Монголын Зохиолчдын эвлэлийн 97 жилийн түүхт өдөр. Булган нутгаас хүүхдийн анхны эмэгтэй зохиолч Ш.Энхбаяр төдийгүй хүүхдийн хэмээх томоос том тодотголтой МУСГЗ Жамбын Дашдондог, Ш.Гаадамба "Багын явдал" тууж. Гэндэнгийн Сэсмээ "Тэмээ томоо", Ц.Мөнх гуайн зохиолууд "Халуун салхи"-ын О.Цэндсүрэн, Сосорбарам, "Аарцны чулуу" Ц.Чинбат, Нанзадын Хишигдорж нар олон сайхан хүүхдийн зохиол бүтээлээ турвисан байна.


Улаанбаатар