СЭЛЭНГЭ: Усан замаар мод тээн анхны галаа бадраасан Дулаанхаан тосгоны түүх энэ өдөр эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ
аймгийн Дулаанхаан тосгон байгуулагдсан түүхэн өдөр тохиож байна.
БНМАУ-ын
АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 1
дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар зарилгаар Сэлэнгэ аймгийн Дулаанхааны модны
аж ахуй, Ерөөгийн модны заводын ирээдүйн хөгжлийн төлөвийг харгалзан Дулаанхаан хороог /тосгон/ байгуулжээ.
Монгол орны ойн нөөцийн дийлэнх
хувийг эзэлдэг Хан хэнтийн салбар уулсын хойт хэсэг Бөхлөө, Цамхагийн салбар
уулсын цэнхэр хөвчнөөс эх орны хэрэгцээнд шаардлагатай модон материалыг
бэлтгэдэг Ерөө модон заводыг өргөтгөх, Ерөөд бэлтгэсэн модыг 4-6 метрээр
хэрчимлэн усан замаар тээвэрлэн урсгадаг байж.
Улмаар одоогийн төмөр замын 62-р өртөөнөөс төмөр замаар тээвэрлэн мод боловсруулах үйлдвэрүүд, барилгын салбарыг хангах гадаадын орнуудад экспортлох зорилгоор ийнхүү Дулаанхаан мод дамжуулах баазыг байгуулж байжээ.
Сэлэнгэ
аймгийн Шаамар
сумын Дулаанхаан тосгон одоогоос 60 гаруй жилийн тэртээд усан замаар
мод тээж, уугих улаан галаа дэвжээж байсан Дулаанхааны мод дамжуулах бааз,
Дулаанхаан хороогоор овоглогдсон ойчин ард түмний гараар бүтээгджээ.
Өнөөдрийн Дулаанхаан тосгон 1800 гаруй хүн ам, 465 гаруй өрхтэй. 4445
толгой малтай. Шаамар сумаас 35 км, Сүхбаатар сумаас 45 км, Дархан-Уул аймгаас 60 км, Улаанбаатар хотоос 276 км
алслагдсан.
Олон
улсын авто зам, төмөр зам дайран өнгөрдөг дэд бүтэц, эрчим хүч харилцаа холбоо сайн хөгжсөн нутаг.
Өрхийн
амьжиргааны эх үүсвэр өрхийн жижиг аж ахуй, мал, зөгий, төмс хүнсний ногооны аж
ахуй юм. Монгол улсын уул уурхайн томоохон “БТЕГ” ХХК-ийн дамжин өнгөрөх “Цагаан хаалга” өртөө “МТЛ” ХХК, “Хөвчит нум” ХХК нум сум үйлдвэрлэлийн компани зэрэг томоохон
аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус тосгонд орших Таван хан уулын нэг Дулаанхаан ууланд
ходоод дотрын рашаан, байгалын музей, Чингисийн тэвэг, Чингисийн мөр, Элгэн
хадан цохио зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий хад чулуу элбэг арвин, Ерөө
голоор ундаалсан уулархаг тал хээрийн шар, хүрэн бор хөрстэй нутаг юм.
Улаанбаатар