Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.tuul@montsame.gov.mn
2026-01-09 08:45:16

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар өнөөдөр цас орж, цасаар шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.


Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -25-30 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хараа, Ерөө голын хөндийгөөр -20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -10-15 градус, бусад нутгаар -15-20 градус байна. 

 

Улаанбаатар орчмоор үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, -15-17 градус байх нь.     

Холбоотой мэдээ