ӨВӨРХАНГАЙ: Хар увшхайг Орос руу судлах гэж авч яваад сураг тасарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны нэгдүгээр
сарын 8 /МОНЦАМЭ/.
Өвөрхангай аймгийн Уянга сумын төвийн хойно оршдог хүн чулууг нутгийн иргэд ''Номхон
цагаан увшхай'' хэмээн нэрлэдэг.
Энэ дурсгалыг Монгол, Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан “Хангай анги” экспедици 1987 онд нарийвчлан судалж, ихэнх нь газарт булаатай байсныг малтан гаргажээ. Оросын жуулчин П.К.Козлов 1920-иод онд энэ дурсгалын талаар бичихдээ нутгийн ардууд “Цагаан увшхай” хэмээн ихэд хүндлэн дээдэлдэг, дээр нь шүтээний жижиг сүм бариатай байсныг дурдсан байна. Мөн түүний ойролцоо “Хар увшхай” гэх өөр нэгэн хүн чулуу байсан агаад хүмүүс ихэд айж болгоомжилдог байсныг онцлон тэмдэглэсэн байдаг.
Хар
увшхайг нь судлах гэж Орос руу авч одоод сураг тасарчээ. “Цагаан увшхай”-г
саарал боржин чулуугаар хийсэн бөгөөд толгойн хэсэг хугарч алга болсон нь 1930-аад
оны хэлмэгдүүлэлтийн үетэй
холбогдох юм.
Хөшөөнд дүрсэлсэн хүн нь түшлэгтэй сандалд сууж, баруун гараа нугалан цээжний өмнө хундага барьж буй дүртэй бөгөөд зүүн гараа өвдөг дээрээ тавьжээ. Хүн чулууны өндөр нь 120 см, өргөн нь 49 см.

Дээл хувцасны нь энгэр тал ихэд гэмтсэн бөгөөд дээлний урт хормойн дороос мухар хоншоортой гутлын үзүүр цухуйж, улмаар хөл тавих зургаан тавцан гишгүүр гаргаж дүрсэлснээс харахад Монголын зөвхөн дорнод хэсгээр голдуу олддог Эзэнт гүрний үеийн хүн чулуу нутгийн төв хэсэгт илэрч байгаа нь уг төрлийн хөшөө бүхий нутгийн хэмжээг өргөтгөж байна. Энэ нь эрдэм шинжилгээний хувьд ихээхэн ач холбогдолтой болохыг археологич Д.Баяр 1989 онд гаргасан “Монгол гүрний үеийн шинэ олдсон хүн чулуун хөшөө” номд бичжээ.
Увш гэдэг нь "гэлэн" гэсэн утгатай бол "ахай'' нь авгайлж хүндэлсэн нэршил юм. Тиймээс увшхай гэдгийг "Номд орсон
хүн чулуу" хэмээн тайлбарласан байна.
Улаанбаатар