ОРХОН: Төрийн зарим ажлыг хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Орхон аймаг 2026 онд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу төрийн хэрэгжүүлж байсан зарим ажлыг хувийн байгууллагуудаар гүйцэтгүүлнэ.
Үүнд: Хойд бүсийн тээвэр ложистикийн төв, Их залуу цахилгааны дэд төв, хотын доторх гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, спортын цогцолбор төв, худалдааны цогцолбор, ЕБС, музей зэрэг чиглэлд хамтарч ажиллах талаар аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр танилцуулсан байна.
Эхний ээлжид 6 багийн гэрэлтүүлгийн ажлыг хувийн хэвшилд шилжүүлэх бөгөөд Яргуйт, Уртын гол, Баян-Овоот, Даваат, Шанд, Их залуу зэрэг баг багтаж байна.
Одоогийн байдлаар “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК-ийн цахилгааны албаны гэрэлтүүлгийн хэсэг Орхон аймгийн Баян-Өндөр сумын төв замын 3820, байр хоорондын 937, гэр хорооллын чиглэлийн 6772, явган зам дагуух 105 гэрэлтүүлгийг хариуцдаг.
Мөн Жаргалант сумын 550 гэрэлтүүлгийн нийт 1032 шонгийн 12184 гэрэлтүүлэг, 442 км кабель шугамын засвар үйлчилгээ, ашиглалт хамгаалалтын ажлыг гүйцэтгэж байна.
Орон нутгийн өмчит компанийн дээрх ажлуудаас хувийн хэвшлээр эхний ээлжид гэр хорооллын багуудын гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хийлгэхээр судалж байна.
Төр, хувийн хэвшлийн энэхүү түншлэлийн хүрээнд бизнесийн салбарын зах зээлийг тэлэх, үйлчилгээний салбарт өрсөлдөөн бий болгох, урт хугацааны төсвийн ачааллыг бууруулах зэрэг эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой гэж ЗДТГ-аас үзэж байгаа юм.


Улаанбаатар