ЗАВХАН: Үзэгдэх орчин хязгаарлагдмал үед болгоомжтой зорчихыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-01-08 17:48:57

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Завханы ихэнх нутгаар өнөөдөр цас орж шуурч, нийт нутгаар хүйтний эрч чангарах тул зам даваа цасанд хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Завхан, Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр -17-22 градус, Хангайн уулархаг нутгаар -10-15 градус, бусад нутгаар -5-10 градус хүйтэн байна. Өнөөдрийн 08.00 цагийн өртөө, харуулын мэдээгээр, Цагаанчулуут, Цаанхайрхан, Баянхайрхан сумуудад 15-17 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Тэс, Түдэвтэй сумдын нутгаар 14 см, Баянтэс, Цэцэн-Уул сумын нутгаар 11 см, Тосонцэнгэл 10см, Сантмаргаз, Алдархаан, Сонгино, Яруу, Завханмандал, Улиастай, Их-Уул сумын нутгаар 8-9 см, бусад сумын нутгаар 0-6 см цастай байна.


Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарыг шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амиа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээхэд онцгойлон анхаарахыг сануулав.


Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, авто зам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.


Нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй. Мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.


Үзэгдэх орчин хязгаарлагдмал энэ үед цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ