ЗАВХАН: Энэ зун хүүхэд залуучуудад зориулсан тайзны урлагийн олон улсын наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-01-08 16:11:51

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 24 сумын 21 мянга гаруй хүүхдэд монгол болон олон улсын театрын уран бүтээлийг сум бүрт очиж хүргэнэ. Монгол улсад анх удаа “Wanderlust” нэртэй Хүүхэд, Залуучуудад зориулсан тайзны урлагийн олон улсын наадам энэ оны 4 сарын 14-өөс 25-ны хооронд 10 хоног болно.

Энэ талаарх мэдээллийг Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонго болон зохион байгуулагчдаас тодрууллаа.

-“Асситеж Монгол” үндэсний төвөөс Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр болон Бамбүү хүүхэд залуучуудын театртай хамтран тайзны урлагийн олон улсын наадмыг зохион байгуулж байна. Наадам нь театрын боловсрол эзэмших боломж хомс алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд урлагийн чанартай бүтээлийг хүргэх юм.


Энэ удаад Завхан аймгийн 24 сумын 21 мянга гаруй хүүхдэд монгол болон олон улсын 10–12 театрын уран бүтээлийг сум бүрт нь очиж хүргэхээр ажиллаж байна.


Наадмын хүрээнд Франц, ХБНГУ, Швейцарийн Холбооны Улс, Дани, Итали, Индонези, Непал гэх мэт улсуудаас сонгогдсон театрууд болон уран бүтээлчид оролцоно. Тэд “Уур амьсгалын өөрчлөлтөд хүүхдийн театрын оролцоо” сэдвийн дор уулзалт, воркшопууд зохион байгуулна. Энэ санаачилга нь хүүхдийн нийгэм-сэтгэлзүйн хөгжил, уран бүтээлчдийн туршлага болон соёлын солилцоог дэмжихээс гадна орон нутгийн удирдлагуудад театрын боловсролын ач холбогдлыг ойлгуулах.

Ирээдүйд монголын бусад аймагт үргэлжлэн хэрэгжих наадмын суурийг тавих эхлэл болж байна. Иймд манай улсад анх удаа зохион байгуулж байгаа олон улсын тайзны урлагийн “Wanderlust” наадмыг дэмжиж Монгол улсын ирээдүй болсон алслагдсан сумуудын хүүхдүүдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажилд хамтран ажиллахыг хүсэж байна. 


Бамбүү Хүүхэд Залуучуудын театрын үүсгэн байгуулагч, АССИТЕЖ Монгол-ын Удирдах Зөвлөлийн Дарга А.Уянга:

Хүүхэд, Залуучуудад зориулсан тайзны урлагийн олон улсын наадмыг зохион байгуулах ажил яаж эхэлсэн бэ?

-“Wanderlust” наадам нь Монголын хүүхэд, залуучуудад зориулсан чанартай тайзны урлагийн хүртээмжийг тэлэх зайлшгүй хэрэгцээнээс үүдэн бий болсон төсөл. Монгол Улсын хэмжээнд 1.3 сая хүүхдийн 60 гаруй хувь нь хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд тэдний ихэнх нь өөрсдөд нь зориулагдсан мэргэжлийн театрын уран бүтээлийг үзэх боломж маш хомс өсөж байна. Улсын хэмжээнд хүүхэд, залуучуудад зориулсан уран бүтээл туурвидаг театр болон мэргэжлийн байгууллагууд маш цөөхөн байна. Ялангуяа хөдөө орон нутагт хүүхдийн хөгжил, урлагийн боловсрол, соёлын оролцоо дутмаг байгаа нь судалгаагаар батлагдсан.

Тиймээс “Асситеж Монгол” үндэсний төвөөс санаачлан хөдөөгийн алслагдсан бүсийн хүүхдүүдэд зориулсан театрын урлагийг хүртээмжтэйгээр хүргэх. Уран бүтээлчдийг энэ чухал салбар руу анхаарч ажиллахад дэмжлэг үзүүлэх. Театрын урлагийн хүүхдүүдэд үзүүлэх нөлөө, ач холбогдлыг таниулах зорилготой энэ төслийг бичсэн юм.


Төслийг дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?

-Тэгэлгүй яахав. Өөрөөр хэлбэл олон улсын хүүхэд, залуучуудад зориулсан тайз, театрын урлагийн холбоо (ASSITEJ International)-оос “Бүсийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг зарладаг. Бид энэхүү хөтөлбөрийг зарлах үеэр судалгаа хийж, зарлагдах үед Индонези, Непал улсуудад санал тавьж энэхүү санаачилгаа эхлүүлсэн. Ингээд Азийн гурван улсад хийхээр төлөвлөж, төслөө явуулж, шилдэг төслөөр шалгарч, санхүүжилтийнхээ эхний хэсгийг амжилттай босгож чадсан юм. Энэ төсөл энэ жил Монгол улсаас эхлэн хэрэгжиж, 2026–2027 онд Индонези, Непалд үргэлжлэхээр төлөвлөгдсөн. Тиймээс хил дамнасан түншлэл, уран бүтээлийн солилцоо, соёлын олон янз байдлыг хөгжүүлэх чухал алхам болж байгаа төслийг минь дэмжихийг иргэдэд уриалж байна.


Наадмын үеэр сонирхолтой хөтөлбөрүүдтэй үйл ажиллагаанууд болох юм байна?

-Тийм ээ. Наадам Завхан аймагт болно. Наадам нь хүүхэд залуучууд, уран бүтээлчдэд зориулсан гэсэн хоёр үндсэн хөтөлбөрөөр явагдана. Хүүхдүүдэд зориулсан сонирхолтой сургалтууд явагдана. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлтийн сэдвийн хүрээнд гар урлалын болон дахин боловсруулах бүтээлийг хэрхэн хийх, драмын дасгал хөдөлгөөнүүдийг хийх гэхчлэн тэдэнд зориулсан сонирхолтой хөтөлбөрүүд бий.


Наадмын гол үйл ажиллага болох олон улсын театрын уран бүтээлүүдийг Завханы 24 суманд толилуулна. Наадамд оролцож байгаа гадаад дотоодын 50-60 хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр хуваагдаж ажиллана. Ингэхдээ Завханы сумуудыг 12, 13-аар нь хувааж, хоёр баг 10 хоногт ажиллана. Ингэхдээ хүүхэд залуучуудад зориулсан олон улсын театрын 5-6 бүтээлийг сум бүрт тоглоно. Мөн үеэр уран бүтээлчид “Уур амьсгалын өөрчлөлтөд хүүхдийн театрын оролцоо” сэдвийн дор хүүхэд залуучуудад зориулсан театрын оролцоо ямар байх вэ, хүүхдийн театрын хөгжил дэвшил, шинэ арга барил, туршлагуудаасаа хуваалцсан үйл ажиллагаануудыг явуулах юм.


Мөн үеэр Next Generation Mongolia 2026 нэртэй олон улсын хөтөлбөр хэрэгжих юм.


Энэ хөтөлбөрт хүүхэд залуучуудад зориулсан тайзны урлагт дуртай, уран бүтээл туурвих хүсэлтэй. Мөн хэрхэн уран бүтээлийг бүтээлч байдлаар туурвих арга барилын талаар судлах хүсэлтэй сонирхогчид, залуу уран бүтээлчид болоод театрын урлагт сонирхолтой хэн бүхэн энэ хөтөлбөрт оролцох боломжтой юм. Энэ жилийн Next Generation хөтөлбөр маань олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Учир нь хөтөлбөрт албан ёсоор бүртгүүлж оролцож байгаа гадаадын болон дотоодын оролцогчид хамтдаа баг болж оролцох юм. Завхан аймгийг тойрон аялах Wanderlust театрын фестивалийн үеэр хөтөлбөрийн үйл ажиллагаа зэрэгцэн явах юм. Next Generation хөтөлбөр нь олон улсын уран бүтээлчдээс туршлага судлах, оролцогчид хамтдаа уран бүтээл хийх боломжийг олгохоороо давуу талтай юм.


Өөрөөр хэлбэл хөтөлбөрт тэнцсэн оролцогчид нь хүүхэд, залуучуудад зориулсан тайзны урлагийн салбарын одоогийн хөгжил, ирээдүйн чиг хандлагын талаар мэдлэг, ойлголттой болж, олон улсын болон дотоодын уран бүтээлчид, байгууллагуудтай танилцана. Уран бүтээлийн судалгаа хийх. Олон улсын хамтын ажиллагаанд оролцох. Ижил хүсэл эрмэлзэлтэй уран бүтээлчидтэй холбогдож, хамтран ажиллах. Олон улсын төсөл, хөтөлбөр, фестивальд оролцох боломжоо нэмэгдүүлээд зогсохгүй уран бүтээл хамтдаа туурвих боломжтой юм. Мөн бүхий л үйл ажиллагааг сурвалжлах олон улсын сэтгүүлч энэ үеэр Монголд ирж хамтран ажиллах юм.


Вандерласт “Wanderlust” гэж нэрлэсний учир нь?

-Алслагдсан хөдөө орон нутагт мэргэжлийн театр, болон жүжигчид өөрсдөө очиж хүүхэд залуучуудад театрын гайхамшгийг мэдрүүлэх тул Wanderlust гэж нэрлэсэн юм. Дэлхийн театр малчны хотонд гэсэн уриатай наадам юм.  Хүүхэд бүрт урлагийн боломжийг ойртуулахын төлөө бид төслөө Fundea платформ дээр байршуулсан. Тиймээс хүн бүр дэмжлэг үзүүлэх боломжтой юм. Мөн төслийн мэдээллийг бусдад түгээснээр хүүхдүүдэд хүрэх боломжийг улам тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна.

Танд баярлалаа.


Монгол улсад анх удаа болох “Wanderlust” нэртэй Хүүхэд, Залуучуудад зориулсан тайзны урлагийн

олон улсын наадмын зохион байгуулагчдын уулзалт


Уран бүтээлчдийн тоглолтын хэсгээс


Холбоотой мэдээ