АРХАНГАЙ: Төвөд баягзаваа ургамлын 1 га талбайг хашаалж хамгаалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний хүрээнд ургамлын үрийн сан бүрдүүлэх ажлыг өнгөрсөн онд аймгийн БОГ-аас зохион байгуулсан.
Ялангуяа хос цэцэгт ортууз, буржгар сараана, төвөд баягзаваа, ягаан цээнэ гэсэн дөрвөн зүйл ургамлын байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажлыг зохион байгуулж, 20 гр-аас доошгүй үрийн сан бүрдүүлнэ гэж зорилго тавьсан байна.
Энэ ажлын хүрээнд Цэнхэр сумын Тамирын голын эрэг дагуу Татуур гэх газарт тархсан төвд баягзаваа ургамлын 1 га талбайг хашаалж, хамгаалжээ. Цэнхэр, Булган суманд ягаан цээнэ бүхий 4 орчим га талбайн гурван өвөлжөө, хаваржааг шилжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Мөн ягаан цээнэ ургамлын 100 орчим гр үрийг бэлтгэн авчээ.

Lancea tibetica буюу төвд баягзаваа ургамал нь нэн ховор ангилалд ордог байгалийн ургамал юм. Нарийн шидмэсэрхүү үндэслэг иштэй, олон наст өвслөг ургамал. Иш энгийн, эгц босоо, 2-7 см өндөр. Навч зузаавтар, тонгоруу өндгөрхүү юмуу зууван хэлбэртэй. Ишин дээрээ 2-5 хосоор сууж байрладаг. Цэцэг 1.5 см голчтой, богино шилбэтэй. Ишний оройд 1-5-аараа байрлана. Дэлбээ өтгөн ягаан юмуу улаавтар хөх өнгөтэй байдаг байна.
Paeonia
anomala буюу ягаан
цээнэ цэцэг нь 60-80 см өндөр иштэй,
гуравласан цуулбар навч, том ягаан цэцэгтэй олон наст өвслөг ургамал. Монгол орны
хангай, хэнтийн уулархаг нутгийн шинс, хусан холимог ойн зах, цоорхойгоор
ургадаг. Мал иддэггүй. Цээнийн навч
үндсийг хүнсэнд хэрэглэдэг байна.
Улаанбаатар