Төр, түмний их баяр-Цагаан сар

ӨВ СОЁЛ
e.erdenedalai@montsame.gov.mn
2026-02-18 07:13:41

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Тэмдэглэлт баяр хэмээх ойлголт нь ямар ч угсаатан, улс, үндэстний хувьд түүхэн ач холбогдолтой, ой санамжийн гэрч, үндэсний соёлын илэрхийлэл байдаг. Цагаан сар бол монголчуудын хувьд эртнээс уламжилж, өв соёлын дархлааг бөхөлсөн төр-түмний их баяр билээ.


Монголчууд Цагаан сарын баярыг Хүннү, Сүннүгийн үеэс Сүүн сар, Үрс сар, Хувь сар гэхчлэн олон янзаар нэрлэж, үе улируулан тэмдэглэж ирсэн түүхтэй. Тухайлбал, Хувь сар гэдэг нь эрт цагийн анчин гөрөөчний баяр юм. Мал аж ахуй үүсэхээс өмнө үүсжээ. Намар ангийн улирал болоход анчид цэрэг дайны бэлтгэл болон хоол хүнсээ базаах зорилгоор их ав хомрог хийнэ. Жирийн айл хотныхон овгийн цөөн бүлийн хүрээнд ан гөрөөлнө. Тэд хэдэн өдрөөр анд явж хэн нь хэдэн тарвага агнаснаасаа үл хамааран агнасан тарвагаа яг тэнцүү хувааж авдаг. Тэгээд гэр орондоо буцан ирж айл хотныхондоо мөн ангийн махны хувь тараана. Үүнийг нь Хувь сар, хувь тараах гэж хэлж байжээ. Одоо ч Монголчууд идэш хоолоо хийсний дараа айл хотныхондоо “Хувь мах”, “Гэр мах”, “Айл мах” гэж махан хувь өгдөг. Хонь төхөөрөөд дотор мах чанахад айлдаа заавал хүртээдэг ёсон бий.


Түүнчлэн Сүүн сар, Үрс сар, Хувь сар гэхчлэн олон янзаар нэрлэж байснаас гадна анчин гөрөөчний баяр, цагаан идээний баяр, өвлийг өнтэй давж урин хавартай золгосны баяр, нас нэмсний баяр, ихэс дээдэс, ахмадаа хүндэтгэх баяр, малчны баяр хэмээсээр эдүгээ Цагаан сар гэх нэрээр тэмдэглэж байна.


Эзэн богд Чингис хаан 1206 онд Их Монгол улсаа байгуулж, Төрийн баяраа хийсэн нь энэхүү Цагаан сар билээ. Харин үндэсний их баяр наадам бол 1921 оны Ардын хувьсгал ялсны баяр юм. Энэ агуулгаараа төдийгүй түүхэн ач холбогдлоороо Цагаан сар бол яах аргагүй Төрийн баяр юм. Нөгөө талдаа төрөө түмэн олон нь хүрээлж байдаг. Тиймээс төр-түмний баяр хэмээх нь зүйтэй болой.


XIII зууны үеэс тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан тухай алдарт аялагч Марко Пологийн бичиж үлдээсэн эх сурвалжид тодорхой гардаг. Бүх хүн Цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсөж, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэдэг нь надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга билээ. Мөнхүү гарт зэвсэг үгүйг илэрхийлэх ба энэ уламжлан явсаар эдүгээ гар барин мэндчилэх, золгох зан үйл болжээ.


XVII зуунд Монголд бурхны шашин сонгодог хэлбэрээ олж Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёс, түмэн олны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байдаг. Анх Монголын буддын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазар санаачлан ул боовны хэв урлаж хийснээр хэвийн боов үүссэн түүхтэй. Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш хэвийн боов, хавсайгаа давхарлан таваг дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж, дээд тал нь 81 ширхэг ул боовоор Цагаан сарын идээ засдаг ажээ.


Аливаа баяр ёслол, зан үйл түүхэн цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж байдаг. Бурхны шашин сонгодог утгаар дэлгэрсний дараа Цагаан сар тэмдэглэх уламжлалд ийнхүү өөрчлөлтүүд орж, өдгөө түүний улбаа үлджээ. Цагаан сард маш эртний шүтлэг бишрэлийн зан үйл ч байна, Монгол ёс заншил ч байна, төрийн ойлголт ч байна. Хувьсан өөрчлөгдөх нь жам ёс билээ.


Улс төрийн бутралын үе, Манжийн ноёрхлын үе, Шашин төрийг хослон барьсан Богд хаант Монгол Улсын үе зэрэг түүхэн цаг үеүдэд ч монголчууд Цагаан сарын баярыг төр-түмний баяр болгож хотол олноороо тэмдэглэсээр иржээ. Харин социалист системийн үзэл суртлын нөлөөгөөр 20 дугаар зууны дунд үеэс хэсэг хугацаанд Малчдын баяр, Нэгдэлчдийн баяр хэмээн нэрлэж, зөвхөн малчид тэмдэглэх ёстой гэх мэтээр Цагаан сарын баярын ач холбогдлыг бууруулж байсан ч ардчилсан өөрчлөлт шинэчлэлтэд шилжсэнээс хойш уламжлалт өв соёл, ёс заншил, үндэсний ухамсар сэргэж, өнөө бид өргөн дэлгэр тэмдэглэж байна. 


Цагаан сарын холбогдолтой үе уламжилж ирсэн бэлгэдэл, хорио цээр цөөнгүй бий. Битүүний өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн элбэг дэлбэг байлгахыг ерөөн гадуур хонодоггүй, шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна гэх мэт... Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүглийг тэвчиж, буян үйлдэх нь хамгийн чухал хэмээн үздэг. Цагаан сар бол бэлгэ дэмбэрлийн баяр билээ.


Төр төвшин, түмэн олон амгалан байж, айл өрх бүр XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилээ энх тунх угтах болтугай. 

Холбоотой мэдээ