ӨВӨРХАНГАЙ: Хөшөөг нь босгосон бөхчүүд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-01-08 10:09:21

Арвайхээр, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах, далай даян дархан аварга Д.Цэрэнтогтохын хөшөөг 2017 онд Арвайхээр хотын 290 жилийн ойгоор босгож байв.


Аймгийн Спортын ордныг түүний нэрэмжит болгож, улсын аварга болж байх үеийн ид залуу дүр төрхөөр нь уран барилдаан, харцага шонхрын дэвэлтийг дүрсэлсэн 5.7 метр өндөр хүрэл хөшөөг суурийн хамт босгосон юм.


Дөрвөн талд нь томдсон малгай, гутал өмссөн дөрвөн жаалын баримал хөшөөгөөр хүрээлжээ. Мөн 2019 онд түүний гэрэлт хөшөөг төрж өссөн Нарийнтээл суманд нь боржин чулуугаар босгосон байна.



Улсын арслан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Ганбаатарын хүрэл хөшөөг төрөлх Баян-Өндөр суманд 2019 онд босгосон. Уг ажлыг Баян-Өндөр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл болон “Бумбат” бөхийн дэвжээнээс санаачлан зохион байгуулж, уран барималч Г.Санчирболд цогцолбор маягаар урлан бүтээжээ.

Өвөрхангайн домогт бөх, улсын арслан Гялдангийн Цоодолын 100 жилийн ойгоор төрсөн нутаг Гучин-Ус суманд нь хөшөө босгож, түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулсан юм. Хөшөөний ар талд  Б.Ойдовын “Аваргын эрэмбэтэй арслан” хэмээх шүлгийг бүрэн эхээр нь сийлсэн байдаг. Улсад 11 шөвгөрсөн Г.Цоодол арслангийн бас нэгэн хөшөөг Арвайхээр сумын төв гэр бүл, төрөл төрөгсөд нь босгосон байна.

Олимпын мөнгөн медальт, дэлхийн болон ази тивийн хошой аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, XX зууны шилдэг тамирчин Зэвэгийн Ойдовын хөшөөг “Газарчин” дээд сургуулийн захирал асан А.Дамдинбазар Хархорин суманд нутгийн иргэдтэй хамтран бүтээсэн юм. 




Холбоотой мэдээ