БУЛГАН: Мэдээллийн технологийн иж бүрэн кабинет байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-01-08 15:14:48

Булган, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд, Боловсролын салбарын “Код бичих” дэд хөтөлбөрийн дагуу Булган сумын ерөнхий боловсролын III сургуулийн мэдээллийн технологийн кабинетыг иж бүрэн тохижууллаа.

 

Тус хөтөлбөрийн хүрээнд 37.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 20 ширээ, сандал, суурин компьютер зэрэг сургалтын шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна.

 

Мэдээллийн технологийн кабинет иж бүрэн тоноглогдсоноор сурагчдын сурч боловсрох таатай орчин бүрдэж, орчин үеийн техник, технологийн эрин үед зайлшгүй шаардлагатай программчлал, мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг практикт тулгуурлан эзэмших боломж бүрдэж байна.

 

Энэхүү ажлын үр дүнд сурагчдын логик сэтгэлгээ, бүтээлч чадвар, дижитал боловсролыг дэмжих бодит алхам болж байна.

 

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир III сургуулийн удирдлага, багш ажилчидтай уулзаж, боловсролын салбарт гарч буй ололт амжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, сургуулийн орчин нөхцөл, сургалтын орчинтой танилцлаа.


III сургууль нь 2018 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 54 багш, ажилтан, 465 сурагчтайгаар боловсролын үйл ажиллагаа явуулж байна. Тус сургууль нь Элсэлтийн ерөнхий шалгалтад тогтмол өндөр амжилт үзүүлж, сүүлийн гурван жилийн хугацаанд дотоодын тэтгэлэгт нийт 10 сурагч хамрагджээ.










Холбоотой мэдээ