ХОВД: Өнгөрсөн онд 50 мянга гаруй мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Ховд аймагт 2025 онд болсон зарим онцлох үйл явдлыг товч танилцуулж байна.
- Өв соёлыг түгээн дэлгэрүүлэх ажил өрнөлөө. Уртын дуу, бий биелгээ, хөөмий, морин хуур зэрэг найман чиглэлийн шавь сургалт зохион байгуулж, 3800 гаруй хүүхэд, залуус, иргэдэд өвлүүлэн уламжлуулжээ.
- Булган сумын нутагт 5.3 га талбайд анх удаа тутрага буй цагаан будаа туршилтаар тарив. Цаашид цагаан будаа тариалалтыг үйлдвэрлэлийн хэмжээнд хөгжүүлэхийг зорьж байна.
- Алтай сумын услалтын системийг сэргээлээ. “Боомын ам” услалтын систем ашиглалтад орсноор 200 гаруй га талбайг усжуулах, ойн зурвас байгуулах, орон нутгийн иргэд хүнсний ногоо тариалж орлогоо нэмэгдүүлэх боломж өргөжив.
- Хөв цөөрөм байгуулах ажил хэрэгжлээ. АДАПТ төслийн хүрээнд Үенч, Манхан, Чандмань суманд 700-900 тонн ус нөөцлөх хүчин чадал бүхий хөв цөөрөм байгуулсан нь татмын ойжуулалт хийх, доройтсон бэлчээрийг сэргээхэд давуу талтай юм. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дарви суманд “Булган нуур” хөв цөөрөм байгуулсан нь орон нутгийн иргэд газар тариалан эрхлэх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилготой байв.
- Экспортод гаргах махны шинжилгээг орон нутагт анх удаа хийж байна. Ховд аймгийн Мал эмнэлгийн лабораторид шинжилгээг стандартын дагуу хийдэг болсноор орон нутгийн махны үйлдвэрүүд болон зэргэлдээ аймгаас экспортод гаргах махны дээжийг шинжилгээнд хамруулж, заавал Улаанбаатар хот явахгүй цаг хугацаа, зардал хэмнэх боломжтой болжээ.
- Аялал жуулчлалын мэргэжлийн салбар холбоог шинээр үүсгэн байгууллаа. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, 2029 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр болов.
- "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" уриалгын хүрээнд 19 аж ахуйн нэгжид 3.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олголоо. Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй 10 аж ахуйн нэгжид 875.4 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Энэ нь орон нутагт бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой юм.
- Боловсрол, эрүүл мэндийн салбарт 10.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үр дүнд суурилсан урамшууллын системийг бий болгов. Улмаар "Ховдын ирээдүй", "+80" төсөл, үйл ажиллагааны хүрээнд 174 багш, эмч, эмнэлгийн ажилтанд 1.3 тэрбум төгрөгийн дэмжлэг олголоо.
- Ховдын эрдэмтэд анх удаа чууллаа.
- Төрийн албаны ерөнхий шалгалтыг дөрвөн удаа зохион байгуулахад 161 иргэн шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгүүлжээ.
- "Ховдын бизнес долоо хоног" сэдэвт үйл ажиллагааг анх удаа зохион байгуулав. Энэ үеэр 72 иргэн, аж ахуйн нэгж 240 нэр төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаанд оролцож, 32 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Мөн 45 ажил олгогч 374 ажлын байр нээлттэй зарлаж, 134 иргэнийг ажилд зуучиллаа.
- "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, бүх нийтээр мод тарих өдрөөр 2025 онд Ховдынхон 50 мянга гаруй мод тарьсан юм. Одоогоор модны ургалт 70 орчим хувьтай явж байна.
- Мал тооллогын урьдчилсан дүнгээр Ховд аймгийн 17 сумын 91 багийн малчин өрхүүд 2025 оны эцэст 3.2 сая толгой мал тоолуулжээ. Энэ нь малын тоо өмнөх оныхоос 308.0 мянган толгой буюу 8.8 хувиар буурсан үзүүлэлт юм.
- Мэдээллийн технологийн тэмцээнийг Ховд аймагт анх удаа зохион байгуулахад баруун бүсээс 300 гаруй сурагч оролцжээ.
Ташрамд, энэ онд Ховд аймгийн удирдах ажилтнууд нутгаа хөгжүүлэх их үйлсэд иргэн бүрийн оролцоо, эв нэгдэл, хичээл зүтгэл, байгууллага бүрийн бодит санаачилга, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлоод 2.0 их наяд төгрөгийн бие даасан эдийн засагтай аймгийг хамтдаа бүтээхийг уриаллаа.
Улаанбаатар