ОРХОН: Цас их унасан газруудад биотехникийн арга хэмжээ авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Цас их унасан газруудад Байгаль орчны газраас биотехникийн арга хэмжээг авчээ.
Орхон аймгийн нутаг дэвсгэр Согоот уул, Зуны голын ойн сан бүхий газруудад буга, согоо, гөрөөсний тандалт хийж уулын энгэр хэсэг, цасан дээрх мөр, ялгадас, хэвтрээр нь судалж идэш тэжээлийг 5 хэсэг газар тарааж байршуулжээ.
Амьтны амьдрах болон идэш тэжээлийг сайжруулахад чиглэсэн ажлыг “биотехникийн арга хэмжээ” гэж хэлдэг бөгөөд цас зуд, ган гачиг, байгалийн онц үзэгдэл гэх мэт бусад шалтгаанаас болж зэрлэг ан амьтан идэш тэжээл, усаар гачигдаж эрсдэлд орсон үед хоол тэжээл, өвс, хужир тавьж өгөх, хөлдсөн ус, булаг шандын мөсийг хагалж ус гаргаж өгөх гэх мэт арга хэмжээ авахыг хэлдэг.
Зуны цагт бороо хургүй жилүүдэд сөл өвс бага учраас уулын туруутан амьтад өвс тэжээлээ олж идэхэд хүндрэлтэй байдаг учир энэхүү биотехникийн арга хэмжээ нь ихээхэн ач холбогдолтой байдаг ажээ.






Улаанбаатар