СЭЛЭНГЭ: Мал эмнэлгийн итгэмжлэгдсэн лаборатори 100 гаруй сая төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-01-09 11:08:16

Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт өрнөсөн томоохон бүтээн байгуулалтын нэг бол Азийн хөгжлийн банкны 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан Мал эмнэлгийн итгэмжлэгдсэн лаборатори юм.

 

Олон улсын стандартын 19 төрлийн шаардлага хангасан энэхүү итгэмжлэгдсэн лаборатори нь мал, амьтны бүх төрлийн халдварт өвчний шинжилгээг Олон улсын түвшинд шинжлэх хүчин чадалтайгаараа онцлогтой.

 

Тус Мал эмнэлгийн газрын лабораторийн шинэ барилга өнгөрсөн оны 4 сард ашиглалтад орсоноос хойш нийт 121897 сорьц дээжид тус бүр стандарт арга зүйн дагуу оношлогоо шинжилгээг хийж хариуг баталгаажуулан, цахим системд бүртгэж, хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

 

Тодруулбал нян судлалын тасагт 895 эмгэгт дээж, ийлдэс судлалын тасагт 45519 сорьц дээж, ариун цэвэр, магадлан шинжилгээнд 64164 сорьц дээж, паразит судлалын шинжилгээнд 11303 сорьц дээж, молекул биологийн 16 сорьц дээжийг авч шинжилжээ.

 

Түүнчлэн аймгийн хэмжээнд 18808346 кг мах, махан бүтээгдэхүүний 10898 сорьц дээж, 9654970 л сүү, сүүн бүтээгдэхүүний 19883 сорьц дээж, 16450 ш өндөгний 3124 сорьц дээж,  48983 ш арьс ширний 4015 сорьц дээж, 63870 ш ноос ноолуурны 1590 сорьц дээж, 101506 кг дайвар бүтээгдэхүүний 215 сорьц дээж, 2980 кг зөгийн балны 45 сорьц  дээж буюу нийт 39770 дээжинд үзлэг шинжилгээг хийсэн байна.

 

Энэхүү шинжилгээ оношлогооны үр дүнд хүнсний хэрэгцээнд нийлүүлж байгаа мах, махан бүтээгдэхүүнд эмийн үлдэгдэл болон хүнд металлууд зөвшөөрөгдөх хэмжээнээс бага буюу сөрөг дүнтэй байгааг тогтоож, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулжээ.

 

Тус лаборатори дотооддоо ингэж үйлчилэхээс гадна импортийн бүтээгдэхүүнд мөн шинжилгээ хийсэн байна.

 

Тухайлбал ийлдэс судлалын шинжилгээнд 5953 сорьц дээж, шимэгч судлал 944 сорьц дээж буюу давхардсан тоогоор нийт 6897 сорьц дээжид хийжээ.

 

Мөн хүнсний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд 12394400 кг мах махан бүтээгдхүүний 1010 сорьц дээжинд эм болон антибиотик, хүнд металлын үлдэгдэлийг тодорхойлж, баталгаажуулсан байна. 

 

Шинэ лаборатори байгуулагдснаар оношлогооны нэр төрөл, эм, антибиотикийн үлдэгдэл, хүнд металл, хордлого зэрэг оношлогоо шинжилгээний нэр төрөл олширч, магадлан итгэмжлэлийн хүрээ тэлж байгааг аймгийн Мал эмнэлгийн дарга С.Ариунтөгс хэллээ.

 

Мөн лабораторийн шинжээчдийг гадаад, дотоодын сургалтанд хамруулж, тэдний ур чадварыг нэмэгдүүлэн ажилласнаар өнгөрсөн жил төсөвт 100 гаруй сая төгрөг төвлөрүүлэн ажиллажээ.

 

Тус лаборатори бий болсноор импортоор орж ирж буй амьд малын эрүүл мэндэд тавигдах хяналт, ОХУ-тай амьд мал, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлоход олон улсын шаардлага хангасан шинжилгээг орон нутагтаа хийх болсон нь өндөр үр дүнгээ өгч байна.

 

Мөн гадаад худалдааг өргөжүүлэх, мал амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийг хамгаалахад өндөр ач холбогдол үзүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ