Нарны охин
МОНГОЛ ХЭМНЭЛ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Тэр өөрийгөө ингэж томьёолжээ. Говьтой, тэмээтэй айлын охин, “Нарны охин” байлгүй яах вэ.
Харин нийгэмд хөдөлмөрлөж буй мэргэжил нь нягтлан бодогч. Мэргэшсэн нягтлан бодогч “Нарны охин” АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн “Жижиг, Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөр, мөн санхүүгийн зөвлөх, бусад байгууллагад тус мэргэжлээрээ олон жил ажиллажээ.
Түүний нэгэн сонирхол яруу найраг. Тэр дунд ангиасаа шүлэг, яруу найраг бичиж эхэлжээ. Яруу найраг, яруу найрагч байхыг сонирхоно гэсэн ойлголт байж болохгүй байх л даа. Мэргэжлийг бодож сурдаг, бодож хийдэг бол яруу найргийг яаж бичдэгийг тодорхойлох боломжгүй. Тийм оролдлого хийгээд ч хэрэггүй биз. Бодохоос илүү сэтгэлийн ай, сэрэхүйн айгаа эгшиглүүлэх хэрэг гарна. Бодол энэ үед “унтаж” байдаг ч байж магадгүй.
-Чи яагаад “Нарны охин” юм бэ? гэж асуувал тэр хүнд хэлэхгүй, бодно. Гэхдээ нүдээ харуулахгүйгээр бодно.
-Борооны хүнд хайртай байсан юм аа л гэнэ. Бороо, нар хоёр дандаа хамт байхгүй биз дээ. Ингэж хэлэнгүүт цааш би яаж асууж зүрхлэх билээ.
“Нарны охин”-ы нэрийг Б.Уянга гэдэг. Түүний шинэхэн шүлгийг уншицгаая.
ЖИН ҮДЭД НУТАГ ҮЗДЭГ
Энэ наран нэг янзаараа л манддаг ч
Ийм өөр өөр өдрүүдийг зүрхний гүнд шигтгэнэ
Эрт цагийн бодол шивнэхэд
Жин үдэд нутаг үздэг гэдэг үг санаанд бууна
Тийм тачирхан өвсийг гүн ногооноор гэрэлтүүлж
Ийм намхан толгодыг сүр нэмж сүүдэртүүлнэ
Газраас ургаж, газарт шингэх бүрд чинь
Чиний зүгээс ирэх морьтон баатар шиг
Чи л цаана нь гэрэлтвэл бүгд амьтай юм шиг
Гэвч...
Ийм хуурмаг болохоор л
Жин үдэд нутаг үздэг
Жин үдэд нутаг үздэг
Жил сарууд жингийн цуваа шиг алсраад
Миний цагийн жин үд одоо л тохиож байна
Улаанбаатар
Сэтгэгдлүүд