"Аватар"-ын III анги 1 тэрбум гаруй долларын орлого олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2026-01-05 16:19:03

НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 5 /Kazinform/. Найруулагч Жеймс Кэмероны “Аватар: Гал ба үнс” кино дэлхий кино театруудын дэлгэцнээ гарснаас хоёр долоо хоногийн дараа кассын орлого нь 1 тэрбум ам.долларын босгыг давжээ. 


People сэтгүүлийн мэдээлснээр, уг киноны өмнөх хоёр анги нь мөн 1 тэрбум ам.долларын орлого олсон байна. 2022 онд гарсан "Аватар: Усны ертөнц" кино 14 хоногийн дотор, 2009 онд гарсан "Аватар" кино 17 хоногийн дотор  тус бүр 1 тэрбум ам.долларын орлого олж байв. Уг франчайзын эхний хоёр анги нь бүх цаг үеийн хамгийн их орлоготой кинонуудын тоонд багтдаг.


Жеймс Камероны өөр нэг алдартай бүтээл болох “Титаник” кино мөн дэлхийн кино театруудад гарах хугацаандаа 2 тэрбум гаруй ам.долларын орлого олж байсан юм. Ингэснээр Камерон нэг тэрбум ам.доллароос дээш орлоготой дөрвөн кино бүтээсэн түүхэн дэх анхны найруулагч болсон байна.


“Аватар: Гал ба үнс” кино 2025 онд дэлхийн кино театруудын дэлгэцнээ гарсныхаа дараа орлого нь 1 тэрбум ам.доллароос давсан гурван киноны нэг болжээ. “20th Century Studios”-ийн мэдээлснээр, “Лило ба Стич” кино 1.038 тэрбум долларын орлого олсон бол “Zootopia 2” хүүхэлдэй киноны орлого 1.51 тэрбум ам.долларт хүрчээ. 


Box Office Mojo-гийн мэдээлснээр, анхны “Аватар” кино нь түүхэн дэх хамгийн их орлоготой кинонуудын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа бол 2022 оны “Аватар: Усны ертөнц” гуравдугаар байрт бичигдэж байна. Энэхүү жагсаалтын хоёрдугаарт 2019 оны “The Avengers: Endgame” кино орж байна.



Холбоотой мэдээ