ОН ДАМНАСАН ДОЛОО ХОНОГ: Дайныг зогсооход ахиц гарчээ

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-01-03 14:55:12

УЛААНБААТАР, 2026 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Он дамнасан өнгөрсөн долоо хоногт дэлхийн дахинаа улс төр, эдийн засгийн хэд хэдэн томоохон үйл явдал тохиосны зэрэгцээ золгүй эмгэнэлт хэргүүд ч гарч олон хүний амь нас сүйдлээ. 


Тухайлбал, АНУ, Украины төрийн тэргүүн нар Флоридад уулзаж, Украины дайны асуудлаар тодорхой тохиролцоонд хүрсэн нь дайн удахгүй дуусах нь гэсэн итгэлийг дэлхий дахинд төрүүллээ. Мөн Ерөнхийлөгч Д.Трамп Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяхутай уулзахдаа, Газын энхийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.


Донбассын асуудлыг шийдэхэд хүнд байна


Д.Трамп, В.Зеленский нар Флорида муж улсад хэлэлцээ хийснийхээ дараа Украины дайныг эцэс болгоход ахиц дэвшил гарсан гэдгийг онцоллоо. Украины Ерөнхийлөгчийн зүгээс 50 жилийн аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхийг АНУ-ын Ерөнхийлөгчөөс хүссэн байна. Зеленский 20 заалт бүхий энхийн төлөвлөгөөний 90 хувийг хүлээн зөвшөөрсөн, мөн аюулгүй байдлын баталгааны асуудлаар 100 хувь тохиролцоонд хүрсэн гэдгийг дурдсан юм. Харин Донбассын газар нутагтай холбоотой Оросын талын саналыг шийдэхэд хүнд байгааг Д.Трамп хүлээн зөвшөөрчээ.  


БНХАУ Тайваньд анхааруулга өгчээ 


Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн командлалын анги нэгтгэлүүд мягмар гарагт Тайванийг хүрээлж буй тэнгисийн болон агаарын орон зайд  байлдааны буудлагатай цэргийн томоохон сургуулилалт хийлээ.  Энэ бол Тайваний салан тусгаарлагч хүчнүүд болон гадны хүчнүүдэд өгч буй ноцтой сануулга гэж Хятадын тал мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор дурдахад, саяхан Тайваний тал 11 тэрбум долларын өртөг бүхий зэвсэг техник худалдан авах гэрээг АНУ-тай хийсний сацуу батлан хамгаалахын зардлаа үлэмж нэмэгдүүлж, ДНБ-ий 5 хувьд хүргэх зорилт тавьжээ.


Иранд дахин эсэргүүцэл дэгдлээ 


Өнгөрсөн ням гарагт Иранд эхэлсэн эсэргүүцлийн жагсаал цуглаанууд 6 дахь өдрөө үргэлжилж байна. Тус улсын мөнгөн тэмдэгт болох риалын ханш доллартой харьцуулахад түүхэн доод түвшинд хүртлээ унаж, амьжиргааны өртөг нэмэгдэж, инфляц 40 хувьд хүрсэн нь иранчуудын дургүйцлийг төрүүлсэн байна. Жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсны улмаас 6 хүн амиа алдсан тухай гадаадын хэвлэлүүд мэдээллээ. Үүний сацуу, хэрвээ жагсагчид руу гал нээж, тэднийг хөнөөвөл АНУ хэрэг явдалд хөндлөнгөөс оролцоно гэдгийг Ерөнхийлөгч Д.Трамп анхааруулсан байна. Хариуд нь, Ираны тал жагсаал цуглааныг Израил, АНУ хоёр өдөөсөн гэж буруутгалаа.


Трампын "алтан үе" эхэллээ


Инфляцыг тооцсон АНУ-ын бодит ДНБ энэ оны III улиралд 4.3 хувиар /оны дүнгээр/ өссөн нь сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт болж, ихэнх шинжээчдийн таамаглаж байснаас илт давлаа. Өсөлт өндөр гарсан нь хэрэглээний зардал, экспорт болон төрийн зардал өссөний зэрэгцээ импорт буурсантай холбоотой гэж үзэж байна. Ерөнхийлөгч Д.Трамп TruthSocial нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ “Сайн удирдлага, татварын ачаар ийм амжилтад хүрлээ, Трампын эдийн засгийн алтан үе эрчээ авч байна” гэж дүгнэжээ. Харин энэ амжилтыг дагаад Америкийн индексүүд тун ялимгүй өссөнд тэрбээр ундууцаж, үүнд Холбооны нөөцийн сангийн тэргүүн Ж.Пауэллыг буруутгасан байна.  


Зэсийн үнэ цойлох цагаар 


Оны төгсгөлд буюу даваа гарагт хамгийн өргөн хэрэглэгддэг металлуудын нэг болох зэсийн үнэ нэг тонн нь 13 мянган ам.долларт хүрэх тун дөхлөө. Лондонгийн металлын биржид болсон гурван сарын дараа нийлүүлэх фьючерс арилжаагаар зэсийн үнэ 6,6 хувиар өсөж, 12 960 долларт хүрчээ. Ингэснээр уг металлын үнэ 2025 он гарснаас хойш 30 гаруй хувиар өслөө. Энэ бол 2009 онд дэлхийн эдийн засаг хүнд хямралаас гарч байх үед үнэ 2 гаруй дахин өсөж байснаас хойших хамгийн өндөр өсөлт юм. Үүний гол шалтгаан нь юуны түрүүнд, Ерөнхийлөгч Д.Трамп зэсийн импортод татвар тогтоож магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн Америкийн компаниуд худалдан авалтаа нэмэгдүүлсэнтэй холбоотой. Мөн Чили, Перу, Индонезийн уурхайнуудын үйл ажиллагаанд саатал гарсан, “ногоон эрчим хүч”, хиймэл оюун ухааны салбарууд дахь зэсийн хэрэглээ өссөнөөс шалтгаалжээ. Хэдийгээр хамгийн том хэрэглэгч Хятад улсад эрэлт буурах боловч 2026 онд зэсийн үнэ өндөр хэвээр байна гэж ихэнх шинжээчид үзэж байна.  


"Дэггүй" Карлсений дээд амжилт 


Катарын нийслэл Доха хотод болсон шатрын түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ Норвегийн их мастер, 16 дахь дэлхийн аварга Магнус Карлсен зургаа дахь удаагаа, блиц тоглолтын ДАШТ-д 9 дэх удаагаа түрүүлж, өвөрмөц дээд амжилт тогтоолоо. Яг жилийн өмнө гэрлэсэн тэрбээр есдүгээр сард эцэг болсон юм. 


Салют аюултай!!!


Он солигдох мөчид хэд хэдэн улсад золгүй эмгэнэлт явдлууд гарлаа. Швейцарын баруун өмнөд нутагт орших Кран-Монтана цанын баазын Le Constellation гэдэг бааранд пүрэв гарагт шилжих шөнө дэгдсэн  галд өртөн 40 орчим амиа алдаж, 100 орчим хүн түлэгдэж бэртжээ. 


Шинэ жилийн шөнө Нидерланд улсад салют буудуулах гэж байгаад 2 хүн амиа алдлаа. Мөн 19 дүгээр зууны үеийн Вондел сүм шатсан нь пиротехникийн хэрэгслийг ашиглахдаа хайхрамжгүй хандсантай холбоотой байж магадгүй байна.  Түүнчлэн Германд 18 настай хоёр залуу өөрсдийн хийсэн салютыг буудуулах гэж байгаад амиа алдсан байна. Берлин хотод 5 хүн салют буудуулахдаа түлэгдэн гэмтжээ. Тус улсад зөвхөн 31 болон 1-ний өдрүүдэд салют буудуулахыг зөвшөөрдөг боловч эмгэнэлт тохиолдлууд гарсаар байна. Өнгөрсөн жил эл шалтгаанаар 5 хүн амиа алджээ. Сүүлийн хэдэн жилийн турш хууль сахиулах байгууллагууд, шинжээчид, экологийн хөдөлгөөний идэвхтнүүд, амьтны эрхийг хамгаалагчид салют буудуулахыг бүрэн хориглохыг шаардсаар байна.


Ирэх долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд:

  • Мягмар гарагт Парис хотноо 6-ны “Украинд туслах хүсэлтэй орнуудын эвсэл”-д багтдаг улсуудын уулзалт болно гэж Францын Ерөнхийлөгч Э.Макрон мэдэгдэв.
  • Мягмар гарагт үнэн алдартны шашинтнууд Зул сарын баяраа тэмдэглэнэ.
  • Мьянмарын бүх нийтийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт ням гарагт болно.
  • Африкийн цомын төлөөх хөл бөмбөгийн тэмцээн /AFCON/ Марокко улсад үргэлжилнэ.
  • Австралийн Сидней хотноо эрэгтэй теннисчдийн ATP холбоо ба эмэгтэй теннисчдийн WTA холбооноос хамтран зохион байгуулж буй United Cup тэмцээн үргэлжилнэ. Тус тэмцээнд 18 улсын холимог хос багууд оролцож байна.  
  • АНУ-ын Флорида муж улсад 7-11-ний өдрүүдэд Уолт Диснейн дэлхийн марафон гүйлтийн тэмцээн болно.
  • Мөн Флоридад 5-11-ний өдрүүдэд жил тутмын Сен-Августины кино наадам 16 дахь удаагаа зохион байгуулагдана.
  • Ням гарагт “Баярлалаа” гэж хэлэх олон улсын талархлын өдөр тохионо. 
Холбоотой мэдээ