“Монгол бичиг-Дөчин жилийн товчоон” номд монгол бичгийн сэргэлтийн түүхийг өгүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. МУСГЗ, Монгол хэл, бичиг судлаач багш, сэтгүүлч Б.Элбэгзаяагийн “Монгол бичиг-Дөчин жилийн товчоон” номын нээлт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд өнөөдөр боллоо.
Номын нээлтэд МОНЦАМЭ агентлагийн дарга Х.Энх-Орших хэлэхдээ, “Уг бүтээлд Монголын үндэсний бичиг үсгийн талаар төр засгаас баримталж буй бодлого, шийдвэр, онцлох үйл явдал болон холбогдох ном, судалгааг хамруулсан нь түүхэн ач холбогдолтой юм. 2025 он төрийн үйл хэрэгт монгол бичгийг кирилл бичигтэй хослуулан хэрэглэж эхэлсэн онцлог жил болж байна. Мөн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сонин бол монгол бичиг, монгол соёлын гал голомтыг залгамжилж яваа, хойч үедээ үлдээх үнэт хэрэглэгдэхүүн болж байна" хэмээн тодотгов.
Номын зохиогч Б.Элбэгзаяа ярихдаа, “Монгол бичиг-Дөчин жилийн товчоон” хэмээх энэхүү бүтээлд монгол бичгийн
сэргэлтийн 40 жилийн түүх болох 1985-2025 онд монгол бичгийн хөгжил, төрийн
бодлого, хууль тогтоомж, гол онцлог үйл явдал, монгол бичгээр хэвлэсэн ном бүтээлийн тойм зэргийг багцлан харуулж байна. Монгол
бичгийн сэргэлт 1985 оноос эхтэй. Ардын боловсролын яамны сайд
Б.Даваасүрэн 1985 оны 6 дугаар сарын 27-нд 151
дүгээр тушаал гаргаж, 1985-1986 оны хичээлийн жилээс ЕБС-ийн 7, 8 дугаар ангид
монгол бичгийг сэргээн заах шийдвэр гаргасан нь түүхэн эргэлтийн цэг болсон юм.
Мөн монгол бичгийн салбарт 1985 оноос 2025 оны 12 дугаар сарын 5-ныг хүртэл
буюу 40 жилийн хугацаанд Монгол Улсын дотоодод болж өрнөсөн 343 үйл явдлыг онцлон
сонгож эл эмхэтгэл номд багтаалаа. Түүнээс
хойш улсын хэмжээнд монгол бичгийн хэрэглээг дэмжих зорилгоор УИХ-аас баталсан хоёр
хууль, Ерөнхийлөгчийн таван зарлиг, Засгийн газрын 11 тогтоол, мөн
Засгийн газраас баталсан Үндэсний монгол бичгийн гурван удаагийн “Үндэсний
хөтөлбөр”, Боловсролын сайдын 17 удаагийн тушаалыг бүрэн эхээр нь судалж
оруулсан. Тухайлбал, 2015 онд баталсан Монгол
хэлний тухай хуульд зааснаар 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс төрийн албан
харилцаанд үндэсний бичгийг кирилл үсэгтэй хослуулан хэрэглэхээр зохицуулсныг хэрэгжүүлж эхэлсэн нь салбарын хөгжилд томоохон, шинэ алхам болж байна. Номд 1985-2025 онд хэвлэсэн
монгол бичгийн бүтээлийг он дарааллаар нэгтгэж, 166 сурах бичиг, гарын авлага, 47
толь бичиг, 260 гаруй монгол бичгийн ном бүтээлийг бүрэн жагсаасан. Энэхүү эмхэтгэл
нь монгол бичгийг сэргээн хэрэглэх үйл явц, төрийн бодлого шийдвэрийн биелэлт,
хөгжлийн хандлагыг баримтад тулгуурлан харуулсан судалгааны иж хэрэглэгдэхүүний нэг болж байна” хэмээв.
“Монгол бичиг-Дөчин жилийн товчоон” ном монгол бичиг монголчуудын хувьд ямар үнэ цэнтэй, түүнийг хөгжүүлэх, хамгаалах талаар төр засгаас гаргасан олон шийдвэр, бодлогыг нэгэн цогц болгон багцалснаараа онцлогтой юм.
Зарим үед бодлого хэрэгжүүлж эхэлсэн ч эргээд хүчингүй болгох, эсвэл хангалтгүй хэрэгжүүлэх зэрэг нөхцөл байдал монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд саад болж ирснийг энэхүү номын баримтууд давхар гэрчилнэ. Мөн өнөөгийн нөхцөл байдлыг шинжлэн дүгнэж, үндэсний бичиг үсгээ төр, олон нийтийн хэрэглээтэй болгон хөгжүүлэх цаашдын бодлого чиглэлийг тодорхойлоход тус дөхөм болох ажээ.
Номын зохиогч Б.Элбэгзаяа 2004 онд “Монгол бичиг-20 жилийн товчоон”, 2014 онд “Монгол бичиг-30 жилийн товчоон” номыг эмхэтгэн бүтээж хэвлүүлж байв.








Улаанбаатар