Сэтгэлээр баян, чадахгүй юмгүй хүн

МОНГОЛ ХЭМНЭЛ
elbeg_b2004@yahoo.com
2025-12-30 15:30:41

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. 17 жил гутал засаж буй Л.Жамсрандорж гуай, “Би хүнд хэзээ ч худал хуурмаг юм хийж өгдөггүй” гэж хэлсэн нь санаанд хадагдсан билээ.


Гутал бол дээшээ харсан сав. Юм тогтоодог утга бэлгэтэй хувцас. Гутал засаж сэлбэх бол сайн ч, сайхан ч үйлс гэж тэрбээр өгүүлсэн юм. Жижигхэн тасалгаанд нь орж ирэгсэд ахуйн элдэв хэрэгцээгээ бүтээж аваад гардаг байна. Ах ч тэдний хүссэн бүрийг сэтгэлдээ хүртэл, эзэнд нь нийцтэл хийж өгөөд л явуулна.


Санал хүсэлтийн дэвтэрт нь цөөвтөр боловч хүмүүс ямагт сайн, сайхныг ерөөж, талархсанаа тэмдэглэжээ. “Та яагаад санал хүсэлтийн дэвтэр нээсэн юм бэ” гэвэл, “Миний нэргүй их ажлын баримт болно” гэлээ. Нээрээ л тийм юм даа. Хөдөө аймгуудаас ч гутал авчирна, гутлаа оюутан хүүхдээрээ дайлгаад явуулдаг, засуулаад буцаан хүргүүлж авдаг нь цөөнгүй гэнэм. Хөдөөгийн зарим айл ажлын нөхцөлийг нь ойлгодог юмсан уу, эсвэл сарвайх мөнгө төгрөг ховортойнх уу, сүү сааль, айраг хоормог ч савлаад өгүүлсэн нь бий гэнэ. Энэ хүнээр хүмүүс зөвхөн гутлаа засуулах гэж ирдэггүй. Нүдний шилний бариул салаад уначихлаа, янзалж өгөөч. Хуурын толгой цуурчихсан, арга байна уу. Цүнхний цахилгаан барьдаггүй, яах вэ... Бүр сантехникийн ажил, мод, төмрийн жижиг мужааны ажлаа ч хийлгээд авдаг. Тэр бүрийд ах бээр цааргалж төвөгшөөгөөд, үнэ хөлс яриад, удаж хүлээлгээд байхгүй. Болгоод л явуулна.




Эцэст нь тэмдэглэхэд тэрбээр урлаг, спортын авьяас билигтэн. Дууны урлагаар “Жигүүр” хэмээх хамтлагийг байгуулалцаж, нийслэл хотноо тоглож явсан, МУСТА цолтон, Бүх ард түмний урлагийн их наадмын хүрэл медальтан, Монгол Улсын Үйлчилгээний тэргүүний ажилтан юм. Тэр бас спортын хүн. 2025 оны гуравдугаар сард, монголд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй мөсөн сурын харвааны төрлөөр Монгол Улсын “Хүндэт мэргэн” цол хүртсэн байна.


Тэрбээр сэтгэлээр үлэмж баян, хийж чадахгүй ажил түүнд үгүй юм. Бүр, бурхны ном судар ч уншдаг, мэддэг болжээ. Ахуйн иж үйлчилгээгээр түмэнд тус хүргэх мөртлөө жижигхэн өрөөнийхөө үүдэн дэх “гутал засвар” гэсэн даруухан хаягаа ч өөрчлөхгүй, эгэл энгүүхэн сууж, “түших төрийн гутал” эрдэнийг бэхэлж, өнөөгийн монголчуудынхаа мөнгө санхүүг хэмнэлцэж, бүрэн бие, бүтэн хувцастай нүүр бардам алхахад нь өмөг түшиг нэмсээр.


Эгэл сайхан хүмүүсийнхээ дотоод ертөнцийг хааяа ч болов мэдэрч харах “нүдтэй” байя.


Үндэсний сур харваач, гутал засварчин Л.Жамсрандорж

Холбоотой мэдээ