Улсын төсвийн санхүүжилт зогссоноос Төрөх тасгийн засвар зогсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 16:12:41

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн засвар улсын төсвийн санхүүжилтээс болж дуусаагүй байна. Мөн шаардлагатай тоног төхөөрөмж авахад гурван тэрбум төгрөг хэрэгтэй байгааг тус төвийн дарга Ч.Цэрэндагва хэллээ.

Өнгөрсөн долоодугаар сард Төрөх тасгийн засварын ажил эхэлж наймдугаар сарын 15-нд дуусах ёстой атал санхүүжилтгүйн  улмаас ийнхүү ажил нь удааширчээ. Нийт 206 сая төгрөгийн засвар хийхээс гүйцэтгэл 60 хувь байна. Засварыг Улаанбаатар хотын “Сутайн буянт” ХХК хийж байна. Уг компани Төрөх тасгийн нэгээс дөрвөн давхар хүртэл засварлана. Одоогийн байдлаар нэг давхар нь 80, гурван давхар нь 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Иймд улсын төсвөөс санхүүжилт иртэл хүлээхээс өөр аргагүй болжээ.

Мөн эко, рентгэн аппарат, плёнк зэрэг зарим төхөөрөмжийг худалдан авах шаардлагатай байгаа гэнэ. Ашиглалтын хугацаа дууссан болон дахин засвар авахааргүй болсон тоног төхөөрөмжийг шинэчлэхэд гурван тэрбум төгрөг хэрэгтэй байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ