Инфляцийг 6 хувиар хязгаарлах саналыг нэгдсэн чуулганаар унагалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-10 12:53:06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монголбанкнаас 9 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 8-нд хэлэлцэж, зарчмын зөрүүтэй санал гарган нэгтгэсэн. Эдгээр саналд УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн түвшинг 2017-2019 онд 8 хувиас ихгүй түвшинд барина" хэмээн төсөлд тусгасныг "6 хувь” болгож бууруулах санал гаргасан юм. Уг саналыг тухайн үед Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Монголбанк болон ОУВС-ийн төсөөллөөр 2018 оны эхээр инфляци 7 орчим хувьд хүрэхээр байгаа. Тэгэхээр инфляцийн зорилтыг 6 хувь болгож бууруулж байгаа бол Монголбанк ирэх оны сүүлээр бодлогын хүүгээ өсгөх болж таарна” гэж тайлбарлаж байсан.

Харин өнөөдөр уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын Г.Занданшатар “Инфляцийг 6 хувиас дээшгүй гэж өөрчилсөн саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэн байна. Нэг талдаа мөнгөний бодлого хатуу байна бууруул гэсэн мөртлөө улам хатууруулах шинжтэй ийм саналыг яагаад дэмжиж байгаа юм бэ” гээд Монголбанкнаас хэрэв энэ санал дэмжигдвэл ямар өөрчлөлттэйг тайлбарлаж өгөхийг хүсэв. УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Д.Тэрбишдагва “Гишүүд дутуу ойлгоод дэмжчихэв үү гээд дахин тайлбарлуулсан. Инфляцийг 8 хүртэл хувьд барина гэсэн анхны төсөл нь 6 хувьд орж байгаа. Тиймээс анхныхаар нь дэмжих нь зөв гэж би хувьдаа үзэж байгаа” гэсэн бол Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “2017-2019 онд инфляци 8 хувиас доош хэмжээнд барина гэж Монголбанк оруулж ирсэн. Энэ бол зүгээр тоо биш том бодлого. Бид эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого, орон зайгаа нэмэгдүүлэх зорилго тавьж үүнийг оруулж ирсэн. Аргагүй эрхэнд хийсэн мөнгөний бодлогоо зөөлрүүлэх, эдийн засгаа тэлэх, өсөлтийг дэмжих бодлого энэ тооны цаана бий. Тиймээс анхны төслөөр нь дэмжиж өгөхийг хүсч байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Аюуртсайхан “Инфляцийг яагаад заавал 8 эсвэл 6 гэж тоо зааж, барих юм бэ. Зүй ёс нь бол нэг оронтой тоонд барина л гэх ёстой. Тоо зааснаар зах зээлд ямар нэг сөрөг хүлээлт үүсэх эрсдэлтэй” гэхэд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Энэ нь 3 жилийн түвшинг тодорхойлж байгаа. Үүний цаана харьцангуй тогтвортой түвшинд барина гэсэн үндсэн чиглэл байгаа юм” гэв.

Ингээд байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураахад З.Нарантуяа гишүүний дээрх санал олонхийн дэмжлэг авч чадалгүй уналаа. Тодруулбал хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжээгүй санал өгснөөр "Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн түвшинг 2017-2019 онд 8 хувиас ихгүй түвшинд барих” заалт хэвээр үлдлээ.

Бусад саналыг гишүүд дэмжсэн юм. Тухайлбал эдийн засгийн идэвхжлийг дэмжих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын банкны тогтолцоог хамгаалах, гадаадын банк, түүний салбар нэгж болон бусад төрөлжсөн банкны үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг судалж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар төсөлд нэмж тусгах зэрэг санал дэмжигдлээ.

 Үүгээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ