“Зика”-гийн вакциныг шинэ он гарахаас өмнө үйлдвэрлэж эхэлнэ гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-11-04 14:48:56

РИО-ДЕ-ЖАНЕЙРО./TASS/. “Зика” вирусээс урьдчилан сэргийлэх вакциныг он дуусахаас өмнө гарган авч үйлдвэрлэж эхэлнэ гэж Бразилын Эрүүл мэндийн сайд Рикарду Баррус мэдэгдлээ.

Зун болохоос өмнө амжиж вакциныг үйлдвэрлэж эхлэх боломж байна гэдгийг тэрбээр онцолсон байна.

Бразил болон өмнөд тал бөмбөрцгийн зарим оронд 12 дугаар сарын 21-нээс зуны улирал эхэлдэг бөгөөд цаг агаар халуун, чийгтэй болох энэ үед “зика” вирусийг тараагч "Aedes aegypti" шумуул асар ихээр үрждэг байна.

Ийм учраас вирусийн халдвар тархахаас өмнө буюу энэ сард багтаан шумуул устгах их аяныг Бразил даяар явуулах гэж байгаа ажээ. Эрүүл мэндийн сайдын хэлснээр, энэ сарын 25-ны өдрийг шумуулын эсрэг Үндэсний дайчилгааны өдөр болгон зарлах гэнэ. Түүнээс гадна, энэ сарын сүүлчийн баасан гарагаас эхлэн долоо хоног бүр тус улсын дунд сургуулиудын сурагчдын дунд “зика” вирустэй хэрхэн тэмцэх талаар хэлэлцүүлэг болж байх ажээ.

“Зика”-тай тэмцэх кампанит ажлыг Бразилын тэргүүн хатагтай Марсела Темер удирдана гэх мэдээлэл байгаа боловч энэ талаар тодорхой шийдвэр гараагүй бололтой.

Одоогийн байдлаар, хэд хэдэн улсад “зика” вирусийн эсрэг вакцин гарган авахаар ажиллаж байна. Тухайлбал, Бразил улс энэ төрлийн судалгааны ажилд зориулан 200 сая реал буюу 62 сая доллар төсөвлөжээ.

Х.Сарнай

 

 


 

Холбоотой мэдээ