Ж.Д.Вэнс, Н.Моди нар худалдааны асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-04-22 15:57:21

ШИНЭ ДЕЛИ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Reuters/. Энэтхэгт дөрвөн хоногийн айлчлал хийж буй АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой худалдааны асуудлаар хэлэлцээ хийсний дараа хоёр орны хооронд худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарлаа гэж мэдэгджээ.


Энэтхэг улс Дональд Трампын засаг захиргаанаас гаргасан татварыг 90 хоногоор хойшлуулах шийдвэрийн хугацаа дуусахаас өмнө тус улстай худалдааны хэлэлцээр байгуулахыг зорьж буй цаг үед энэхүү уулзалт боллоо. Ж.Д.Вэнс эхнэр Уша болон хүүхдүүдийн хамтаар Энэтхэгт айлчилж байгаа бөгөөд түүний эхнэрийн эцэг эх нь энэтхэг гаралтай хүмүүс юм.


Худалдааны хэлэлцээрийн эхний хэсгийг хэлэлцэх явцад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан гэж Н.Модигийн ажлын албанаас мэдэгджээ. Ж.Д.Вэнсийн ажлын алба мөн хэлэлцээнд чухал ахиц дэвшил гарсан гэж мэдээлсэн бөгөөд хоёр удирдагч эдийн засгийн хэлэлцээг урагшлуулах төлөвлөгөөг тохиролцсон гэв.


Энэхүү хэлэлцээ нь хоёр улсад ажлын байр бий болгох, иргэдийн сайн сайхан аж байдлыг дэмжихэд чиглэсэн шинэ, орчин үеийн худалдааны хэлэлцээр хийх боломж юм гэж Ж.Д.Вэнсийн ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ. Уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид эрчим хүч, батлан ​​хамгаалах, стратегийн технологи зэрэг салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцсан гэж Н.Модигийн ажлын албанаас мэдээлсэн байна.

 



Холбоотой мэдээ