Умард Солонгост 100 хүн тутмын 13 нь гар утас хэрэглэдэг

Дэлхийд | Сонин хачин
dorjkhand@montsame.mn
2016-10-26 13:40:28

СӨҮЛ./Yonhap/. Өнгөрсөн оны долдугаар сарын байдлаар, умард солонгосчууд 3.24 сая ширхэг гар утас ашиглаж байв гэж АНУ-ын Тагнуулын төв газраас /CIA/ гаргадаг “World Factbook” номын шинэчилсэн хувилбарт дурджээ.

Уг номонд бичсэнээр, Умард Солонгост 100 хүн тутмын 13 нь гар утас хэрэглэж байна. Ингэснээр тус улс энэ номын судалгаанд хамрагдсан 217 улсаас 142 дугаарт жагсчээ.

Харин гар утасны хэрэглээгээрээ дэлхийд 27 дугаарт бичигдэж буй Өмнөд Солонгост 58.93 сая ширхэг гар утас байна. Өөрөөр хэлбэл, тус улсын 100 хүн тутамд 120 гар утас ногддог бөгөөд энэ нь Умард Солонгосынхоос бараг 20 дахин олон гэсэн үг юм.

Умард Солонгосын хүн ам энэ оны долдугаар сарын байдлаар 25.11 саяд хүрсэн гэсэн тооцоо байна. Тус улсын нийт хүн амын 9.74 сая нь 65 ба түүнээс дээш насны хүмүүс байна. Аливаа улсын хүн амын 7-гоос дээш хувийг 65 ба түүнээс дээш насныхан эзэлж байвал тухайн улсыг “хүн амын хувьд хөгшрөлттэй улс” гэж үздэг.

Умард Солонгосын 65 ба түүнээс дээш насны иргэдийн 840 мянга нь эрэгтэй бол 1.6 сая нь эмэгтэй ажээ.

Өмнөд Солонгос болон Умард Солонгос хүн амын өсөлтийн түвшингийн хувьд адил буюу 0.53 хувьтайгаар жагсаалтын 155 болон 156 дугаарт бичигджээ.

Умард Солонгосын нэг хүнд ногдох ДНБ 2012 оноос хойших гурван жилийн хугацаанд буюу Ким Жөн Ун удирдагч болсноос хойш 1800 доллар хэвээр байна. Өөрөөр хэлбэл, тухайн хугацаанд тус улсын ДНБ огт өсөөгүй бөгөөд 40 тэрбум доллар хэвээр байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ