ЗАВХАН: Малчдын 80 гаруй хувь нь андройд утсыг хэрэглээндээ ашигладаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн малчин өрхийн 96.4 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 89 хувь нь телевизортой
байна.
Тус аймагт өнөөдрийн байдлаар 16.4 мянган малчин байна. 2024
оны жилийн эцсээр малтай өрхийн тоо 13958
болж, өмнөх оноос 0.9 хувь буюу 123 өрхөөр нэмэгджээ.
Мал бүхий өрх гэж малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг өрхийг ойлгоно. Малчин өрхөд жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, малын ашиг шим нь тэдний амьжиргааны эх үүсвэр болж байгаа өрхийг хамруулна. Малтай өрх гэж мал бүхий өрх болон малчин өрхийг хэлнэ.
Завхан аймгийн нийт малчин өрхийн 84.4 хувь нь сансрын антентай, 59.2 хувь нь авто машинтай, 62.8 хувь нь мотоциклтэй байна. Авто машиныг маркаар нь авч үзвэл авто машинтай малчдын 43 хувь нь тэвштэй бага оврын ачааны машинтай бол 16 хувь нь суудлын жижиг болон JEEP маркийн автомашин хөлөглөж байна.
Харин үүрэн телефоны утсыг газар нутгийн байрлалаас шалтгаалан тухайн үүрэн телефоны сүлжээ байгаа газар бүрд хэрэглэдэг. Нийт малчин өрхийн 97 хувь нь нэг өрхөд дунджаар хоёроос гурван гар утас хэрэглэдэг судалгаа гарчээ.
Гар утсыг маркаар нь авч үзвэл малчдын 80 гаруй хувь нь андройд буюу ухаалаг гар утастай, 10 орчим хувь нь товчтой авч явахад авсаархан, цэнэгээ удаан барьдаг энгийн гар утсыг хэрэглэдэг ажээ. Нийт малчин өрхийн хэрэглээнд жил бүр аккумлятор, нарны дэлгэцээр цэнэглэдэг угаалгын машин, хөргөгч, ухаалаг гар утас, зөөврийн компьютер нэмэгдсэн гэсэн сонирхолтой судалгааг аймгийн Статистикийн хэлтсээс гаргажээ.