ЗАВХАН: Хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-11-04 15:34:26

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар, Армийн генерал Батын Доржийн мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохиож байна.


Ойн хүрээнд Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хүүхэд ,залуусыг цэрэг эх оронч үзлээр төлөвшүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулах юм.


Үйл ажиллагааны хүрээнд Армийн генерал Батын Доржийн хөшөөнд цэцэг өргөх ёслол хийж, Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дарга, цэргийн шинжээч, Улсын байцаагч, хурандаа Т.Мөнхбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын захиргаа удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин болон аймгийн төрийн, хууль сахиулах байгууллагын дарга удирдлагууд, ахмад дайчид, Армийн генерал Б.Доржийн гэр бүлийн төлөөлөл, ач зээ нар оролцлоо.


Мөн үеэр “Мөнхөд дурсагдах баатрууд” ТББ-ын 1000 орчим үзмэрийг аймгийн Хөгжимт жүжгийн театрт байршуулан олон нийтэд үзүүллээ. Үзмэрийг ерөнхий боловсролын 5 сургууль, Алдархаан, Идэр, Тэлмэн сумын сургуулийн 2500 орчим сурагч, зочид төлөөлөгч үзсэн байна.


Түүнчлэн “Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ” баримтат киног толилуулж, “Мөнхөд дурсагдах баатрууд” ТББ-ын тэргүүн, доктор профессор, хурандаа Ж.Өвгөнбүргэд эх оронч үзэл ба хүүхэд залуучуудын үүрэг оролцоо нэртэй сонирхолтой илтгэлийг хүүхэд залуучуудад хүргэлээ гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 


Монгол Улсын баатар, армийн генерал, дипломатч Батын Дорж

Б.Дорж нь 1914 онд Алдархаан сумын Барзан хэмээх газарт төрсөн. 1948-1952 онд ЗХУ-ын Фрунзийн академи, Жанжин штабын академийн дээд курст сурч төгсжээ.


Тэрээр эх орныхоо төлөө 1939 оны Халх голын дайн,1945 оны чөлөөлөх дайн, баруун хилийн тулгаралтад тулалдаж, төрийн албанд 50 орчим жил тасралтгүй зүтгэсэн зүтгэлтэн.


Монгол Улсын Батлан хамгаалах яамны сайдаар 2 удаа, Хилийн цэргийн командлагчаар 2 удаа томилогдон ажиллажээ. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг даган дэлхийн улс орнуудтай найрамдалт харилцаатай зэрэгцэн хөгжих үед Монгол Улсыг төлөөлөн суусан олон улсын дипломатч байсан юм.  


Монгол Улсын баатар, армийн генерал Батын Дорж Ардын хувьсгалын 57 жилийн ой, 1978 он

Улиастай сумын Генералуудын талбайд байрлах Батын Доржийн хөшөөнд цэцэг өргөв


Цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх илтгэлийн үеэр


Үзэсгэлэн


Эх орны дайны үеэ болон армийн генералын эдэлж хэрэглэж байсан зүйлс

Холбоотой мэдээ