Авто замын түгжрэлийг багасгахад Google компанитай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Google компани Улаанбаатар хоттой түгжрэлийг багасгахад хамтарч ажиллах санаачилга дэвшүүлэн, уулзалт зохион байгууллаа.
Google компани өмнө нь ХБНГУ-ын Хамбург, Индонез Улсын Жакарта, АНЭУ-ын Абу Даби,
Энэтхэг Улсын Бангалор зэрэг
дэлхийн 10 хотод түгжрэлийг багасгахаар
хамтран ажиллаж байжээ. Google компани хэрэглэгчийн
дата мэдээлэлд суурилан авто замын түгжрэлийг бодит цаг дээр хиймэл оюун
ухаанаар тооцоолж, нийслэлийн авто
замын хөдөлгөөнийг зохицуулах программ
хангамж дээр хамтарч ажиллах 11 дэх улс болж байна.
Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот эзэмшилдээ байдаг 170 авто замын уулзварыг камерын
нэгдсэн системтэй холбох ажил 11 дүгээр
сарын 1-нд дуусна. Үүнтэй зэрэгцэн авто замын 170 уулзварыг хиймэл оюун ухаанаар нэгдсэн удирдлагаар зохицуулах AI
технологийг нэвтрүүлэхэд Google компанитай хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ”
гэв.
Талууд AI
технологийг нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулахаар болжээ. Мөн нийслэлээс цаашид хоёр талын
хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа
таатай байх болно гэдгээ илэрхийлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.