Канадын алдарт реппер К-Маро Монголд ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-17 16:35:38

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Жаргалтай, гунигтай сэтгэл хөөрөл, таашаалын дээд цэгээс аялгуу болон үгтэй үг сүлэлдэн хэмнэлийг үйлдвэрлэгч, урсгалыг дагаж биш сөрж тэмцэх хүсэл мөрөөдлөөр нэгдсэн “Ocean Grey” продакшны 11 жилийн ой тохиож байна.


Тэгвэл тус продакшны уран бүтээлчид ойн тоглолтоо энэ сарын 28-нд “Степп Арена”-д зохион байгуулахаар товложээ. Энэхүү тоглолтын онцлох зочих нь Канадын алдарт реппер, дуучин K-Maрo, АНУ-ын реппер Брийдс Уорлд нар байх юм. Ялангуяа “Femme Like U” дуугаар монголчуудын танил болсон К-Маро энэ үдшийг чимэх нь ээ.


Өдгөө 44 настай түүний хувьд Ливаны Бейрут хотод төрсөн бөгөөд иргэний дайны улмаас 11 настайдаа Парис руу дүрвэсэн байдаг. Орос ээж, араб аавтай Марогийн бүтэн нэр нь Сирил Камар. 13 насандаа анхны уран бүтээлээ цацаж байсан түүнийг дэлхийд таниулж, алдаршуулсан гурван дууны нэг нь  “Femme Like U” юм. “Амьд тоглолтын мастер” гэх хочтой болсон тэрбээр 2001 онд уран бүтээлийн нэрээ К-Маро болгосноор алдрын замналд хүрэх эхлэл болжээ.


“Symphonie Pour Un Dingue” нэртэй анхны дуу нь 2002 онд цацагдсан ч  алдаршсангүй. Түүнчлэн анхны бие даасан цомгоо гаргасан ч бүтэлгүйтэв. Гэвч 2004 онд хэвлүүлсэн "La Good Life" цомог нь түүнд амжилт авчирсан түүхтэй. “Femme Like U”, “Gangsta Party”, “Let's Go” зэрэг бүтээл нь түүнийг дэлхийд алдаршуулсан ч тэр 2010 онд хамгийн сүүлчийн цомгоо гаргаснаар хөгжмийн ертөнцийг орхисон юм.


Уран бүтээлээ орхины дараа тэр хөгжмийн студи байгуулахаас гадна өөрийн нэрийн хувцас, аксессуар үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд “Panther” сүлжээ рестораны эзэн болжээ. Түүгээр ч зогсохгүй өөрийн нэрээр сан байгуулж, түүгээрээ дамжуулан гамшиг, цэргийн мөргөлдөөнд нэрвэгдсэн, гэнэтийн гамшигтай тулгарсан хүүхдүүдэд тусламжийн гараа сунгадаг болсон байна.

Холбоотой мэдээ